Цэцийн дарга Д.Одбаярыг 48 цаг байцааж, хорихоор шийджээ


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг өнөө өглөө БНСУ-д газардсаны дараа байцааж эхэлсэн талаар бид мэдээлсэн.

Байцаалт 48 цаг үргэлжилсний дараа түүнийг хорих эсэхийг шийднэ гэж МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч н.Ижилболд мэдээллээ.

Д.Одбаяр өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 08:30-ийн үед БНСУ-ын олон улсын нисэх онгоцны буудалд газардсан даруйд түүнийг Инчеон хотын төв цагдаагийн газар луу авч явсан байна. Байцаалт дууссаны дараа тус улсын цагдаагийн газраас албан ёсны мэдээлэл өгөх юм байна. Удтал байцаасны эцэст оргон зайлж болзошгүй гэж үзэн хорихоор болжээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр “Korean Air” компанийн онгоцны үйлчлэгчийн өгзгөнд гар хүрэхээс гадна орчуулагч хийж байсан Монгол эмэгтэйг элдвээр дарамтлан доромжилсон хэрэгт буруутгагдаж байна. Хохирогч эмэгтэйчүүд гомдолтой байгаа гэдгээ мэдүүлж зохих шийтгэлийг оногдуулахыг хүсжээ.

Хэргийг эргэн сануулбал, Д.Одбаярыг өнгөрсөн баасан гарагт /2019.11.01/ БНСУ-руу зорчихдоо онгоцны үйлчлэгчийн биед халдаж, бэлгийн дарамт учруулсан гэх хэргээр тус улсын цагдаагийн ажилтнууд түр саатуулаад удахгүй сулласан байдаг. Түүнийг Индонез улс дахь албан ажлаа гүйцэтгэсний дараа БНСУ-д эргэн ирж мэдүүлэг өгөхийг шаардсаны дагуу өнөөдөр байцаалт өгч буй.

Мөн түүнийг дагалдан явсан Монгол улсын иргэн 42 настай А нь бас нэгэн үйлчлэгчийн биед хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл байна. Мэдүүлэг өгөлгүй Сингапур руу зорчсон түүнийг Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан албадан ирүүлэх арга хэмжээ авахаар болжээ.