Давтагдашгүй ...

Ардын урлагаа түмэнд түгээж, монгол хүний омогшлыг түүчээлж яваа СТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарыг "Мандах нар" тоглолт удахгүй тайзнаа амилах гэж байна. Хоёр сайхан уран бүтээлчдээ амжилт хүсч таван жилийн өмнө бичиж байсан нийтлэлээ дахин нийтэлж байна.

Дотор чив чимээгүй. Тайзны дунд зогсох хос дуучдыг бүгд анхааралтай ажиж, ямар гээчийн ер бусын ертөнцөд хөтлөх бол гэсэн хүлээлттэй, амьсгаа даран чагнан сууна. Хоёр жилийн өмнө “Аргагүй амраг” хэмээх гайхамшигтай тоглолтыг үзсэн цагаас хойш  уртын дууч Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа хэмээх авьяастнуудын талаар түмэн бодол зүрх сэтгэлийг эзэмдэж, уран бүтээлийг нь хөөн, сэтгэл оюунаа баясгахсан хэмээн хичээх болсон.

Тэдний уран бүтээлд ямар нэгэн далдын хүч байгааг та лав мэдэрсэн байх. Монгол хүний цусанд монгол хөг аялгуу шингээстэй, түүнийгээ мэдрэх, хүлээн авах оюуны чадамж бий ч түүнийг сэргээх, сэдрээх хүч гагцхүү уран бүтээлч тэр дундаа дуучинд л бий. “Аргагүй амраг” дууг та сонсоод нэг үзээрэй. Ханийн заяа түшиж, аз жаргалдаа умбаж буй монгол гэр бүлийн нандин чанар энэ дуугаар дамжин сэтгэлд эгшиглэдэг юм. Олон сайхан уран бүтээлчид энэ дууг дуулсан ч клип хийж, гэр бүлийн хоёр хүн дуулсан нь үгүй. “Аргагүй амраг” дуу өдгөө цагт олны хүртээл болохдоо бусдын сэтгэлийн утсыг хөндөж буй нь дуучны ур чадвараас гадна аргагүй амраг ямар байдгийг амьдрал, бие сэтгэлээрээ үзүүлж буй тэд дуулсан нь бас нэгэн учиг гэлтэй. Юутай сайхан.

Монголын урлагийн түүхэнд 1926 онд Франц, ХБНГУ-ыг зорин боловсрол эзэмшсэн Д.Нацагдорж, Д.Намдаг, Л.Намхайцэрэн нарын эрхмүүдийн бүтээл онцгой үүрэгтэй, тэдний оюун биднийг хөглөж, хөгжүүлж явна. Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй гэдэг. Монголын сор болсон сэхээтнүүдийн үргэлжлэл хөгжмийн зохиолчдоос З.Хангал, Ц.Чинзориг, Б.Шарав, Н.Жанцанноров, Х.Билэгжаргал нарын хөг алдартал эгшиглэдэг гайхамшигт бүтээлийг өдгөө болоод ирээдүй цагт хүргэх дуучдын эгнээнд  Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар зүй ёсоор багтаж буй нь бахдалтай.

Үндэсний их найрал хөгжимтэй дуучин Д. Үүрийнтуяагаар дуулуулж, энэ цаг үед энэ хүн дуулах ёстой, ингэж дуулж байгаа гэдгийг Төрийн хошой соёрхолт маань тодоос тод “тамгалаад” өгсөн.

  Нэгэн бээр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н. Жанцанноров гуай “Өөрийн урлаг тэр дундаа үндэсний сонгодог урлагаа мэдэхгүй, сонсохгүй мэдрэхгүй байх нь үндэсний гутамшиг” хэмээсэн нь бий. Монгол урлагийг дэлхийд таниулж, бие сэтгэлээ зориулж яваа энэ эрхмийн үг нэгийг бодож, хоёрыг тунгаахад хүргэдэг гэдэгт эргэлзэх хүн үгүй биз. Түүний 22 жилийн дараа тоглолтонд бидний сэтгэл зүрхэнд хоногштол дуулж, хөгжимдөж чаддаг урлагийн одод оролцсон. Амандаа аялж, сэтгэлдээ бэдэрч явдаг сайхан урлагийн бүтээлийг 22 жилийн дараа хэн дуулах, яаж дуулж байгааг харуулсан нь энэ тоглолтын нэгэн үнэ цэнэ гэлтэй. Тэрхүү бүтээлийн охь болсон “Мөнхрөх биш дээ хоёулаа”, “Чи минь” хэмээх гайхалтай сайхан дууг Үндэсний их найрал хөгжимтэй дуучин Д. Үүрийнтуяагаар дуулуулж, энэ цаг үед энэ хүн дуулах ёстой, ингэж дуулж байгаа гэдгийг Төрийн хошой соёрхолт маань тодоос тод “тамгалаад” өгсөн. “Говийн өндөр”, “Эр бор харцага”, “Ширээ нуур”, “Аргагүй амраг”, “Дөрвөн цагийн тал”, “Юндэн гөөгөө ба Сийриймаа” гээд тэдний бүтээл уудам тал нутгийг гэтэлж монголчуудын сонорыг мялааж, монгол омогшлыг бадрааж  байна.

Асар их зорилгын төлөө чадах бүхнээ  зориулж буй тэдний хичээл зүтгэл өдрөөс өдөрт, жилээс жилд тэмүүлэлтэй, дэвшилттэй, дахин давтагдашгүй байгааг олон нийт мэдэрсээр.

Уран бүтээл, уран бүтээлчийн чадвар чансааг харуулсан ажил гэдэг хүний сэтгэлд тэр дундаа зүрхэнд тусдаг. Үндэсний урлагаа түгээн дэлгэрүүлэх хэмээх хэдхэн үгэнд багтах хэрнээ асар их үнэ цэнийг агуулж буй тэдний зорилгыг сонсох нэн таатай. Асар их зорилгын төлөө чадах бүхнээ  зориулж буй тэдний хичээл зүтгэл өдрөөс өдөрт, жилээс жилд тэмүүлэлтэй, дэвшилттэй, дахин давтагдашгүй байгааг олон нийт мэдэрсээр. Бүтээл туурвина гэдэг нэг өдөр бодоод маргааш нь гүйцэлдүүлдэг зүйл биш гэдгийг тэд харуулдаг, цаашид ч харуулна гэдэгт ч бид итгэнэм. Урлагийн ноён оргил өөд тэмүүлэх их үйлс нь дардан байх болтугай.