“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" шиг зургаан байгууламжтай болно


-Одоогоор манай улсад нэг хүнд ногдох ногоон байгууламж 2.3 ам.метр байна. Энэ тоо 10-20 жилийн дараа 96 ам.метрт хүрнэ-

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэнтэй хот тохижилтын асуудлаар ярилцлаа. Одоогоор нийслэлд Баянзүрх дүүргийн IV хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд хөл бөмбөг, хөнгөн атлетикийн талбайн тохижилт, Чингэлтэй дүүргийн IV хороо, “Ялалт” кино театрын хойно “Дипломат 95 орон сууц”-ны бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил өрнөж байгаа аж. Эдгээр газар иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд олон жил барилгажаагүй явсан учраас нийтийн эдэлбэрт шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүлжээ.

-Нийслэлд авто зогсоол, соёл, амралтын цогцолбор болон ногоон байгууламж хүрэлцээгүй гээд тохижилтын асуудал мундахгүй их. Та залуу архитекторын хувьд нийслэлийн тохижилтод юуг сайжруулмаар санагддаг вэ?

-Хотын тохижилтод хүүхдийн тоглоомын талбайн асуудал нэгдүгээрт яригдана. Тоглоомын талбай хүүхдийн нас, сэтгэл зүй, бие бялдрын хөгжлөөс хамаарч өөр өөр зориулалттай байх ёстой. Нэгээс гурав хүртэлх насныханд ганцаарчлан тоглодог талбай, гурваас дээш насны хүүхдэд бүлгээр тоглоход зориулсан талбай, 13 наснаас дээш хүүхдүүд унадаг дугуй, сагсан бөмбөг, хөл бөмбөг гэх мэт спорт сонирхох нь илүү байдаг учраас тэдэнд зориулсан тоглоомын талбай мөн хэрэгтэй. Улаанбаатар хотын хувьд тухайн орчны хүн амын судалгааг гаргаж, хүн амд нь зориулсан тохижилт хийж төдийлөн чадахгүй байна. Тиймээс амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүй хүүхдүүд буруу зүйлд уруу татагдах нь бий. Олон улсын жишгээр эко хотыг бүтээн байгуулахын тулд нэг хүнд 24 ам.метр ногоон байгууламж шаардлагатай гэж үздэг. Манай улсын хувьд нэг хүнд ногдох ногоон байгууламж дунджаар 2.3 ам.метр байгаа юм.

-Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын стандартаас 5-6 дахин бага байна. Энэ тоог өсгөх боломжтой юу?

-2030 он хүртэлх Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй дүйцэхүйц зургаан цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөж, зураг төсөл батлагдсан. Үүнийг ихэвчлэн ногоон байгууламж, тохижилт хэрэгтэй байгаа гэр хорооллын бүсүүд буюу Хамбын овоо, Дарь-Эх, 3-7 буудал, Тахилт зэрэг газар байгуулах юм. Санхүүжилт шийдэгдвэл ажлууд явагдаж эхэлнэ. Одоогоор үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шинэ тохижилтууд болон Баянгол дүүргийн XX хороонд Агро парк байгуулах ажил явж байгаа. Мөн ойн бүсээ аялал, жуулчлалын зориулалтаар тохижуулаад эхэлбэл Улаанбаатар хотын нэг хүнд 96 ам.метр ногоон байгууламж ногдоно хэмээн тусгагдсан. Хот дотор ногоон байгууламжийг ойр ойрхон буюу 200-300 метрийн зайтай байгуулах нь тохиромжтой. Энэ нь хотын өнгө үзэмж болон ногоон байгууламжийн ургацад ч эерэгээр нөлөөлдөг.

-Одоогийн нөхцөл байдлаас харахад, нийслэлд ойрхон зайтай ногоон байгууламж байгуулъя гэвэл зай талбай хүрэлцэхгүй байх?

-Ногоон байгууламжид барилгуудын дээврийг ашиглаач гэсэн шаардлагыг бидний зүгээс аж ахуйн нэгж, иргэдэд тавьдаг. Гэвч дээврийг зөвхөн ногоон байгууламжийн зориулалтаар ашигласан барилга байхгүй. Ашиглая гэсэн ч технологийн өртөг их учраас хөрөнгө оруулалт дээр очоод гацчихдаг.

-Хот тохижилтын нэг төслийг хэдий хугацаанд, ямар үе шаттайгаар боловсруулдаг вэ?

-Иргэний амьдардаг орон сууцны гадна тоглоомын талбай хэрэгтэй гэвэл саналаа эхлээд харьяа хороондоо хэлнэ. Хороо нь дүүрэгт уламжилна. Дүүрэг төсөвтөө суулгана гээд төлөвлөлтийн ажил нэг жил үргэлжилнэ. Төсөв батлагдсаны дараа Хот байгуулалт, хөгжлийн газарт хүсэлт ирнэ. Хүсэлтийг 14 хоногт багтаан судлаад, зураг төслийг гаргаж баталдаг. Тэгэхээр төсөв батлагдсаны дараах тохижилтын ажил дунджаар нэгээс гурван сарын хугацаанд явагддаг.

-Иргэд амьдарч буй орчиндоо тохижилтын ажил хийлгэх шаардлагатай бол эхний ээлжид хороондоо хандах юм байна. Шууд Хот байгуулалт, хөгжлийн газарт хандаж болох уу?

-Болно. Манайд хандсан тохиолдолд тохижилт хийх хүсэлтэй хувь хүн, аж ахуйн нэгжид саналыг нь уламжилж, байгаа мэдээлэлдээ тохируулан хэнд юу хэрэгтэй, хэн ямар асуудлыг шийдэх боломжтойг нь холбож өгөх боломжтой юм.