Цаглашгүй-Мандах нар


Хүний газар ажиллаж амьдарч байхдаа монгол хүн юуг их үгүйлж, юу санадгийг эрхэм уншигч та зүрх сэтгэлээсээ мэдэрч үзсэн үү. Уртын сайхан дуу, уудам тал нутгаа санан бэтгэрч, амар амгалангийн туйлдаа очиж, аз жаргалд умбахсан гэсэн хязгааргүй их хүсэл тэмүүлэл. Тэрхүү хүсэл тэмүүлэлд автан суусан тэр мөч дор Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын дуунууд сэтгэлд шуранхайлсан. Сэтгэлийн увдис гэдэг хүнийг хөтөлсөөр нэг л мэдэхэд Жавхаа , Үүрээ хоёрын шүтэн бишрэгч болсон байж билээ. Яруу тансаг хөг аялгуу, түүнийг хүний сэтгэлд хүргэх тэдний дуусашгүй авьяас, чадвар, мэдрэмжийг үгээр хэлэхэд тун ч бэрх аж.

Чи Монгол хүн шүү, чи Их эзэн Чингис хааны удам шүү гэдгийг мэдрүүлж, омог бардам алхаж, цээж тэнүүн явахад монголын өв соёл тэр дундаа ардын урлаг ямар их үүрэгтэй, цаглашгүй юм бэ. МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Б.Алтанжаргал нар хамтран “Мандах нар”-ыг мандуулах гэж байна. Юутай баяртай, юутай бахдалтай хэрэг вэ.  Монголчууд бид үндэсний урлагаа, уртын сайхан дуугаа мартах нь холгүй цаг үеийг туулсан. Гэсэн хэдий ч тэр хар өдрүүд ард үлдэж монгол монголоороо байх хувь тавилан биднийг угтсан юм. Монгол аялгуу монгол урлагийг түгээн дэлгэрүүлж, түүчээлэн яваа сайхан уран бүтээлчдэд  баярлахгүй байхыг аргагүй. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н. Жанцанноров гуай “Өөрийн урлаг тэр дундаа үндэсний сонгодог урлагаа мэдэхгүй, сонсохгүй, мэдрэхгүй байх нь үндэсний гутамшиг” хэмээсэн нь бий.

Сэтгэлийн мухарт бадран буй очийг гал болгон дүрэлзүүлэхэд “Мандах нар” үнэлж баршгүй хувь нэмрээ өгнө гэдэгт би туйлын итгэлтэй байгаагаа хэлмээр байна. Гурван уран бүтээлчийн жирийн нэгэн тоглолт шүү дээ хэмээн хэн нэгэн бодож болзошгүй юм. Үгүй ээ, энэ тоглолт цаанаа асар их утга, агуулгыг тээж байгааг та анзаарч нэг үзээрэй.

Үүх түүх өв соёл гэж юу юм бэ, би хэн юм бэ хэмээх гутралыг бид хаа нэгтээ мэдэрдэг. Нийгэм яг энэ цаг үед түмнээ гэх нь үгүй болж, түмэн олон гутарч гундаж, арга ядан амь зууж яваа нь олон байна. Тэдний цусанд, сэтгэлд оюун бодолд та ийм хүн шүү, монголчуудын заяа өөдрөг шүү гэдэг ухаарлыг ардын урлаг л өгдөг. Уудам тал нутагтаа уртын дуугаа дуулж, морин дэл дээр салхи татуулан давхих монгол эр хүн бол та билээ. Таны сэтгэлийн гэрэл гэгээ түмнийг аз жаргалд хөтлөх увдистай билээ. Ийм л гүн утга агуулгыг, оюуны вакциныг  тэд тодруулбал МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Б.Алтанжаргал нар өгөх учир омогшин, бахархан, сэтгэл догдлон тоглолтыг нь хүлээж сууна. Монгол наадмаа үзэж, монгол хүүхдийн гийнгоо сонсож, аялгуут сайхан ардын дуугаа сонсоод, төрийн их сүлдээ хараад бахархгүй сэтгэл, сүсэглэхгүй монгол хүн гэж үгүй.

“Говийн өндөр”, “Эр бор харцага”, “Ширээ нуур”, “Аргагүй амраг”, “Дөрвөн цагийн тал”, “Юндэн гөөгөө ба Сийриймаа”, “Мандах нар ” гээд тэдний бүтээл уудам тал нутгийг гэтэлж монголчуудын сонорыг мялааж, монгол омогшлыг бадрааж   явна.

Хүний сэтгэл оюуны гийгүүлж,саруул ухааны ундаалах уран бүтээлчдэд улам их амжилт хүсье. Дээлээ өмсөөд, гутлаа тослоод, сэтгэлээ цэгцлээд намрын адаг хөх нохой сарын зургаан цагаан луу өдрийн тахиа цаг дор түмэн олонтойгоо учран золгохын ерөөл тальбия.