“Facebook” зургаан сарын хугацаанд 1.7 тэрбум хуурамч хаяг устгажээ

“Facebook” платформ өнгөрсөн зургаан сарын хугацаанд 1.7 тэрбум хуурамч хаяг илрүүлж устгаснаа тайлагналаа.

Энэ нь өмнөх улирлынхаас 500 саяар буурсан дүн болжээ. “Facebook” үйлчилгээний бодлогыг нь зөрчсөн садар самуун, мансууруулах бодис болон терроризмтой холбоотой нийтлэл, хаягуудыг устгаснаа хагас жил тутам тайлагнаж байна. Зөвхөн сүүлийн улирлын байдлаар хүүхдийг садар самуунд ашигласан агуулга бүхий 11.6 сая контентыг “Facebook”-ээс устгасан байна. Энэ нь өмнөх улирлынхаас хоёр дахин өндөр үзүүлэлт болжээ.

Үүнээс гадна энэ удаагийн тайландаа анх удаа “Instagram”-ийн талаарх баримтуудыг тусгасан байна. Тухайлбал: хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дээрх төрлийн 754 мянган контентыг “Instagram”-аас устгажээ.

Харин хар тамхи, мансууруулах бодисын наймаатай холбоотой 4.4 сая, галт зэвсгийн наймаатай холбоотой 2.3 сая агуулга “Facebook”-т нийтэлснийг авч хаясан байна. Бодлогод нийцэхгүй иймэрхүү контентыг “Facebook”, “Instagram” платформууд программ хангамжийн алгоритмаа ашиглан автоматаар устгадаг ажээ.