Валютын ханшийн өсөлтийг зогсоох, өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар үүрэг өглөө


Засгийн газрын хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарим асуудлаар холбогдох сайд нарт үүрэг өглөө. Тухайлбал, Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллахдаа тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгой, Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, орон нутгийн Тавантолгой зэрэг компанийн удирдлагуудад тодорхой үүрэг өгсөн. Энэ үүргийн биелэлтийг хангах, хяналт тавих, мөн Гашуунсухайтын боомтын талаар авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайдад, валютын ханшийн өсөлтийг барих талаар холбогдох байгууллагуудтай зөвшилцөн судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулахыг Сангийн сайдад үүрэг болголоо. Тухайлбал:

-Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох,

-Арилжааны банкуудыг Монголбанкны зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах,

-Валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгов.

Ирэх дөрвөн жилд 259 хуулийг шинэчилнэ

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Үндсэн чиглэлийн төсөлд ирэх дөрвөн жилд 259 хуулийн төсөл, УИХ-ын 16 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгажээ. Холбогдох нийт 43 байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн уг үндсэн чиглэлд тусгах хууль тогтоомжийн жагсаалтыг гаргасан байна. Ирэх дөрвөн жилд өөрчлөх 260 хууль, тогтоолын төслийг санаачлагчаар нь үзвэл Засгийн газар 238, УИХ-ын гишүүд 17, Ерөнхийлөгч 4 хуулийн төслийг санаачлахаар тус тус тусгажээ.