З.Баянсэлэнгэ нарын хэргийг өнөөдөр үргэлжлүүлэн шүүнэ


З.Баянсэлэнгэ нарын хэргийг өнөөдөр үргэлжлүүлэн шүүнэ

З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хуралдаан өчигдөр орой 19:30 үед завсарласан бөгөөд өнөөдөр үргэлжилнэ. 

Шүүгдэгч З.Баянсэлэнгэ нь өмнөх шүүх хуралд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 1 сараар хойшлуулсан аж.

Шүүгдэгч З.Баянсэлэнгэ болон хэргийн бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нар З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарлуулах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг тусгаарлан, бусад шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг үргэжлүүлэн хэлэлцэж байна.

Өмнө нь Улсын Дээд Шүүхээс З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн харъяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоож байсныг үндэслэн хэргийг тухайн шүүхэд шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд уг эрхээр нь шүүх хангаж, боломжит хугацааг олгосон боловч 2019 оны 11 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.Баянсэлэнгэ өмгөөлөгч сонгож аваагүй байжээ. 

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг сануулбал, түүнийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шүүж буй юм. З.Баянсэлэнгэ нь  Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй аж.