Махны үйлдвэрт аммиакийн хий алдагдаж 4 хүн хорджээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын мах боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагдаж, тухайн үед байсан 32 ажилтныг эмнэлгийн үзлэгт хамруулан 4 ажилтанд хордлого тайлах эмчилгээ хийжээ.

Тодруулбал, “Өв-Эко Мийт” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагдаж, үнэртээд байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 12:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын нийт 34 хүн ажиллажээ.

“Газтек” агаар хэмжигч багажаар хэмжилт хийхэд чанар, найрлагад химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их /100ррм/ байсан тул аммиакийн хий /NH3/ дамжуулах шугамыг хааж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон 22 ажилтныг аюулгүй газарт гаргажээ.

Тус үйлдвэрийн 216 м2 талбайд усаар саармагжуулалт хийж хэмжилт хийхэд химийн бодис /60ррм/-ын илэрц байсан бөгөөд зургаан цагийн дараа үзэгдэх орчин хязгаарлагдсан тул тухайн обьектыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад хүлээлгэн өгсөн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн улсын хяналтын байцаагч тус үйлдвэрт хадгалагдаж байсан 3.1 тонн ястай мах, 175 кг цул махыг битүүмжилж, махнаас дээж авч УМЭАЦТЛ-д өнөөдөр хүргүүлжээ.

Аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвд 32 ажилтныг эмнэлгийн үзлэгт хамруулан 4 ажилтанд хордлого тайлах эмчилгээ хийж, гэрт нь буцаажээ.

Эх сурвалж: ОБЕГ