Н.Номтойбаяр: Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, бас талийгаачтай муудалцаагүй

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, АН-ын дэд дарга Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Уг хэрэгтэй холбогдуулан тухайн үед төрийн ордонд байсан 200 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авсан билээ.

Хэвлэлийн хуудаснаа Г.Батхүү агсан нь нас барахынхаа өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өрөөнд орсон талаар мэдээлж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2019 оны тавдугаар сарын 20-ны өдөр “Би ѳнгѳрсѳн баасан гаригт Г.Батхүү агсантай уулзсан нь үнэн. Тэр ѳдѳр бид авто спортын талаар ярилцаад ѳнгѳрсѳн. Намайг 19.00 цагийн үед бүлгийн хурал руу ороход сэтгүүлчид байсан. Тухайн үед Г.Батхүү агсан жин нэлээд хаясан байдалтай байсан. Би гэрчийн мэдүүлэг ѳгсѳн. Одоо шалгаж байгаа юм билээ. Миний ѳрѳѳнд уулзалт болсон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, бас талийгаачтай муудалцаагүй" гэсэн юм. Мѳн үеэр "Намайг У.Хүрэлсүх сайдтай тэр ѳдѳр муудалцсан гэж мэдээлж байгаа. Ер нь маргаан гарч л байдаг" гэж мэдээлж байв.

Дээрх хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн гэдгээ тайлбарлажээ. Тухайлбал, 2019 оны аравдугаар сарын 31-нд тус газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай уулзжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг "Г.Батхүү агсныг согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэж худал мэдүүлэг өгсөн, тиймээс эрүүгийн хуулийн 21.2-т заасан үндэслэлээр Прокурорын байгууллагаас таныг сэжигтнээр татаж магадгүй" гэжээ.

Тэрбээр талийгаачийн амиа алдсан өдрийн хоёр хоногийн дараагаас буюу 2019 оны тавдугаар сарын 19, 30-нд, зургаадугаар сарын 18-нд ингээд нийтдээ гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн юм байна.  Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсандаа жиргэсэн байна.

Энэ хэрэгт холбогдуулан Г.Батхүү агсны гэр бүл болоод түүний төрсөн дүү П.Батчимэгийн зүгээс “Монголын хууль хяналтын байгууллага таг чиг, ар гэрийнхэн нь цөхрөнгөө барж хүлээж сууна. Ард түмэнтэйгээ нэгдэж, амь нэхэх хөдөлгөөнд орох л үлдлээ” гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдэгдсэн удаа бий. Энэхүү хэргийн талаар хууль хяналтынхан өдгөөг хүртэл хэргийн мөрдлөгийн явцын талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа юм.