Саид Моллаей Монгол Улсын нэрийн өмнөөс барилдана

Саид Моллаей Монгол Улсын иргэншил авлаа

Жүдо бөхийн дэлхийн аварга, иран бөх Саид Моллаей Монгол Улсын иргэншилтэй болжээ. Тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгаас иргэний пасспортоо гардан авсан талаар Judo inside цахим хуудсанд мэдээлэв. Ингэснээр тэмцээн уралдаанд Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах боломжтой болж байгаа юм. “Judo inside”-ын мэдээлснээр, Саид Моллаейн Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах эхний тэмцээн нь Чиндод болох "Мастерс" тэмцээн байх гэнэ. Тэрээр энэ тэмцээнд олон улсын дүрвэгсдийн багаас барилдах гэж байжээ. 

Ираны эрх баригчид улс төрийн асуудлаас болоод энэ жилийн жүдо бөхийн ДАШТ-д шигшээ багаа явуулаагүй юм. Өмнөх жил нь тасархай түрүүлсэн, ид ирэн дээрээ байгаа Саид Моллаей энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй ганцаараа Токиод очин барилдаж, медалийн төлөө гарч ирсэн ч Иранаас утсаар ярин дарамталж байсан нь нөлөөлсөн үү, ялагдаж, медаль хүртээгүй юм. Энэ тэмцээний дараа тэрээр эх орондоо дахин очихгүй гэдгээ зарласан билээ.