Авлигын эсрэг чуулган шударга ирээдүйг онцоллоо

Авлигатай тэмцэх бодлогын цөм нь цахим хувьсгал байж, түүнийг хэрэгжүүлэгчид нь шударга ирээдүй тэмүүлсэн залуус байна гэдгийг “Авлигын эсрэг-2019” чуулганаар онцлов. Залуу үеийн хандлага нь эерэг, төрийн үйлчилгээ хүнд суртал шат дамжлаггүй байх нь авлигатай тэмцэх гарц гэж тодорхойлов.

“Авлигын эсрэг-2019” чуулганаар төр, хувийн хэвшлийн шилдэг менежерүүд авлигатай тэмцэх сайн туршлага, ирээдүйг өөрчлөхөд иргэдийн хяналт, оролцоог ямар байх талаар сонин содон өнцөг бүхий илтгэл танилцуулав. Илтгэгчид цахим засаглал,  блокчэйн, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засгаар авлигатай тэмцэх тогтолцоог сайжруулах талаар гарц шийдэл хуваалцсан нь шинэлэг байсныг чуулганы төлөөлөгчид хэлж байв.

“Авлигын эсрэг-2019” чуулганд “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн менежер С.Тэнгис “Цахим эрин ба Монгол Улс: Өнөөдөр, маргааш…”, “ICT” групп компанийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн “Блокчэйн, хиймэл оюун ухааны технологи: Авлигын тогтолцооны эсрэг”, ШУТИС-ийн профессор, доктор (Ph.D) Г.Зориг “Технологи ба дижитал эдийн засаг”, “Транспэрэнси Интернэшнл Бангладеш” байгууллагын Иргэдийн хяналт, оролцоо хариуцсан захирал Фархана Фердоус “Авлигын эсрэг сайн туршлага: Иргэдийн бүлэг” сэдвээр илтгэл тавив.

Ийнхүү шударга ирээдүй рүү тэмүүлсэн эрч хүчтэй, асуудлын шийдлийг олох хүсэлтэй залуучууд цуглан, зөв засаглал, шуурхай үйлчилгээ, дижитал гарц, олон нийтийн хяналт, тэр дундаа залуучуудын оролцооны талаар санал туршлагаа солилцов.

Түүнчлэн цаг шаарддаг, олон шат дамжлагатай, дараалал үүсгэж чирэгдүүлдэг, хүнд сурталтай төрийн үйлчилгээг дэвшилтэт шинэ технологи ашиглан хийх дижитал шилжилт, өөрчлөх боломж болон цахим шийдлүүдийг танилцуулахаар төрийн болон төрийн бус байгууллагууд оролцов.

Чуулган үндсэн хоёр хэсгээс бүрдсэний эхнийх нь  нийгмийн салбар бүрээс оролцсон мэргэжилтнүүд авлигын эсрэг хийсэн кампанит ажлуудаа танилцуулсан юм.

Харин хоёрдугаар хэсэгт хэсэгт авлигын эсрэг үйлсэд иргэдийн оролцоо, тэдгээрийн үүрэг, хяналт, ил тод байдлын талаар нээлттэй ярилцлаа. Авлигын эсрэг чуулганы үеэр төрийн үйлчилгээний танилцуулга бүхий үзэсгэлэнгийн танхимд төрийн үйлчилгээний цахим шийдлүүдийг танилцуулсан нь чуулганд оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байв.

Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үйлчилгээний цахим системийг /burtgel.mn/ танилцуулахаар 23 төрлийн лавлагаа болон иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээг газар дээр нь үзүүллээ. Энэ нь төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд дижитал гарц, мөн авлигын эсрэг хэрэгжүүлж буй цахим шийдлүүдийн нэг болсон юм.

“Авлигын эсрэг 2019” чуулганыг АТГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Транспэрэнси интернэшнл Монгол” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа.

С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин