Ч.Улаан: Угаасан ноолуурыг шууд гаргахгүй, экпортлохгүй

МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Бизнес өглөөний цай” уулзалт, ярилцлагад ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан оролцож, бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад хариуллаа. Уулзалтад ноос ноолуур, мах, сүүн бүтээгдэхүүн зэрэг ХАА-н үйлдвэрлэл эрхэлдэг 200 гаруй бизнес эрхлэгч оролцлоо. Зарим хариултуудыг товчлон хүргэж байна.

Сайд Ч.Улаан:

- ХХААХҮЯ-наас мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллана. Гарч байгаа бодлого бүрээ санал солилцох байдлаар заавал байр суурийг нь сонсоно. Харин та бүхэн нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтад ормоор байна. Зарим нь орж байна. Тариалан эрхлэгчдийн нөгөө олон холбоо нэгдсэнээр харилцахад маш амар байна.

- Экспортлож байгаа түүхий эдийг ХАА-н биржийн хяналтан дор гаргая гэсэн Баярсайхан гэдэг хүнтэй санал нэг байна. Энэ талын зохицуулалтыг ойрын хугацаанд хийнэ.

- Хадгаламжийн хүү, зээлийн хүү нь нягт холбоотой. Зээлийн хүү нь өндөр байгаа нь манай улсад хадгаламжийн хүү өндөр байгаатай холбоотой. Хадгаламжийн хүүг бууруулах нь буцаагаад зээлийн хүүг бууруулах юм Бусад улс оронд хадгадамжийн хүү нь бага байдаг энэ нь зээлийн хүүг бага байлгах маш том бодлого юм.

- 2020 онд баруун бүсийн аймгуудын малыг вакцингүй эрүүл мал аж ахуй, зүүн бүсийн аймгуудыг вакцинтай мал аж ахуй болгох зорилт тавин ажиллаж байна. Бүх малыг ээмэгжүүлэх, цахим бүртгэлд оруулах, гарал үүслийг топорхойлох, хянах application-ыг бий болгон ажиллах нэгдсэн системд оруулах зорилт, үйл ажиллагаа 2020 оны төсөвт тусгагдсан байгаа.

- Ноос ноолуурын үнийн бодлогыг хэрэгжүүлэх нь зөв. Бид ноолуурын үнэ цэнийг унагаж болохгүй, хүндэтгэлтэй хандаж үнэ цэнийг улам илүү болгох ёстой. Тэдэн хувийн ноолуур гэх мэтээр ноостой холих ч юм уу ямар нэг байдлаар хямдруулах нь өөрөө зах зээлийн үр ашиг багатай. Экспортын тухайд угаасан ноолуурыг шууд гаргахгүй, ямар нэг байдлаар самнах ч юм уу боловсруулж байж гаргана. Үүн дээр анхаарна.

Эх сурвалж: МҮХАҮТ