Д.Оюун-Эрдэнэ: "Чингис Хаан" банкны талаар бичсэний дараа намайг бөхчүүдээр дарамтлуулсан

Монголын сайтын холбооноос “Чингис хаан” банкны удирдлагууд сэтгүүлчдийг дарамталсан талаар мэдээлж байна.

Монголын сайтын холбооны УЗ-ийн гишүүн tvmongolia.mn сайтын эрхлэгч Д.Оюун-Эрдэнэ "Би сэтгүүлзүйн салбарт 20 жил ажиллаж байна. Өнөөдөр "Чингис Хаан" банкны талаар бичсэнээсээ болоод дарамт хүлээлээ. 

"Чингис Хаан” арилжааны банкны хувьцаа эзэмшигчдийн талаар бичсэн мэдээллийг мөнгө өгч устгуулж байна. ЭМД-ын мөнгийг аль нэг банкинд 15,2 хувийн хүүтэйгээр хадгалуулдаг. Үүнийг тус банк өөрсдөдөө ашигтай байлгахаар ЭМДЕГ-ын даргад хахууль өгч 5,5 хувь хүртэл хүүг багасгасан. Энэ нь АТГ-ын шалгалтаар илэрсэн. Харин энэ тухай мэдээлсэн сэтгүүлчдийг дарамталж “бүх сэтгүүлчид худалдагдсан” гэх мэтээр доромжилсон. Энэ нь тус банкны хувьцаа эзэмшигчдээс гаргасан явуулга болов уу гэж бодож байна. 

Эхлээд "Чингис Хаан" банктай холбоотой мэдээллийг устгаж өгөхийг гуйж дараа нь уулзаж дарамталсан. Хоёр бөх  гэмээр том биетэй залуу ирж дарамт үзүүлж сүрдүүлсэн. Надад нотлох баримтууд нь байгаа. Энэ бол нэг сэтгүүлчийн бус нийгмийн асуудал.

2017 оноос эхлэн ЭМД-ын мөнгийг 15,2 хувийн хүүтэй “Чингис Хаан” банкинд байршуулсан байдаг. Үүнээс үзвэл дөрвөн тэрбум төгрөгийн хүүгийн ашиг олох байсан. Гэтэл энэ мөнгөний хүүг 5,5 хувь болгосноор хүү нь 1,6 тэрбум болж байна. 

Яагаад заавал энэ мөнгийг арилжааны банкинд байрлуулж тэдэнд ашиг олох боломж олгоод байна вэ.

"Сэтгүүлзүйн салбарыг эрүүлжүүлэх цаг болсон байна. Баримттай, үнэн мэдээлэл нийгэмд хүргэснийхээ төлөө сэтгүүлчид муу нэр зүүмээргүй байна" гэлээ.

Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг “Монголын сайтын холбоонд 72 сайт байдаг. Сайт бүр сэтгүүлч эзэнтэй. Ард түмэнд үнэн бодит мэдээлэл хүргэх зорилготой. Бидэнд дарамт ирдэг ч өнөөдрийнх шиг хоёр залуу ирээд “та нар хэн юм, сэтгүүлчдийг худалдаж авч болдог биз дээ” гэх мэтээр доромжилж, дарамталсан үйлдэл гарч байсангүй.  

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн  мэдээлэл хүргэх эрхийг бүү хязгаарла. Сэтгүүлчид зөв мэдээлэл түгээх үүрэгтэй. Жилдээ 400 тэрбум төгрөг ЭМД-д хуримталдаг. Үүний 30 тэрбум төгрөгийн асуудлыг сэтгүүлч хөндсөн. Үлдсэн 360 тэрбум төгрөг мөн хаана байгааг та бүхэн  судалж үзэхийг хүсэж байна” гэлээ.

Time.mn сайтын эрхлэгч  Г.Улсболд “Сэтгүүлчдэд бичсэн зүйлийнх нь төлөө дарамт үзүүлэх тохиолдол байдаг. Хэрвээ сэтгүүлч хүний эсвэо байгууллагын нэр хүндэд халдсан гэж үзвэл хуулийн дагуу арга хэмжээ авч болно. Гэсэн хэдий ч "Чингис Хаан" банкны асуудал дээр хуулийн дагуу бус хүч хэрэглэн дарамт үзүүлж буйг Монголын сайтын холбоо анхааран ажиглаж байна.

Шантааж хийдэг сайтуудыг бид эгнээнээсээ гаргасан. Сэтгүүлчдийг үнэнийг эрэлхийлж бичсэнийх нь төлөө дарамталж болохгүй” гэв.