Их хэмжээний валют, эд хөрөнгө залилсан Нигерийн иргэнд 10 жилийн ял оноолоо

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Холбооны бүгд найрамдах Нигер улсын иргэн Эжикеме Чимэзиэ Жонд арван жилийн ял оноожээ.

Эжикеме Чимэзиэ Жон Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нар гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй зохиомол байгууллага байгуулж, цахим хэрэгсэл ашиглан их хэмжээний валют, эд хөрөнгө залилсан хэрэгт буруутгагдаад байсан юм.

Нийт 2.2 тэрбум төгрөгийн дүн яригдаж байсан мөнгө угаах, залилах гэмт хэргийг шүүх шийдэж, шүүгдэгчид тус бүр 6-10 жилийн ял сонсож, мөн тус бүр 355,619,494 төгрөгийг хохирогч болох турк улсын компанид төлж барагдуулахаар болсон байна.

Шүүгдэгчид "Лонати СПА", "Делүксе мулти сервисес СРЛ" зэрэг ХХК-ийг зохиомлоор байгуулж Турк улсын "Алпин чорап" /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компаниас Итали улсын "Лонати СПА" компани руу шилжүүлэх байсан 234,000 еврог өөрсдийн байгуулсан "Делүксе мулти сервисес СРЛ" ХХК-ийн еврогийн харилцах дансаар хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-3.1, 18.6-2.2-д тус тус зааснаар

  • Б.Хуланд 9 жил,
  • Д.Ганболдод 8 жил,
  • Т.Анхбаярт 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр хянан шийдвэрлэсэн байна.