Я. Амаржаргал: Эмийн сангууд жоргүйгээр антибиотик өгөхөө больсон


ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалтай ярилцлаа.

-Манай иргэд антибиотикийг эмчийн заавар болон жоргүйгээр авч хэрэглэх тохиолдол нэлээд байдаг?

-ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын дунд хэрэглэж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн долоо орчим хувийг импортоор авч хэрэглэдэг. Монгол Улсын эмийн бүртгэлд 5900 эм бүртгэгдсэнээс 14 хувь нь нянгийн эсрэг үйлдэлтэй байна. Манайх антибиотикийн хэрэглээгээр нэлээд их хэрэглэдэг орны тоонд орсон байгаа. Иймээс антибиотикийг жороор олгодог үйл ажиллагааг идэвхжүүлсэн. Сүүлийн үед жоргүйгээр антибиотик олгох асуудал цэгцэрсэн. Эмийн сангууд жоргүйгээр антибиотик өгөхөө больсон байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийг цахим жорыг нэвтрүүлснээр антибиотикийн жор бичих, хэрэглээний хяналт хийх үйл ажиллагаа сайжирсан байгаа. Иргэд эмийн санд очиж дур мэдэж эм авч ууж, хэрэглэдэг байдлыг цэгцэлснээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаална. Аливаа антибиотикийг заавал эмчийн жороор хэрэглэх ёстой.

-Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгодог эмийг өдөр бүр олгож байгаа гэдгийн ЭМ-ийн сайд хэлж байсан. Гэвч сарын эхээр олгоод бусад үед олдохгүй гэсэн гомдол нэлээд байна?

-Эмийн байгууллагууд ихэнх нь хувийн хэвшлийнх. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн даатгалын сан 80 хүртэлх хувиар хөнгөлж байгаа. Өндөр настай хүмүүс өдөр тутамд хэрэглэж байгаа эмээ сарын эхээр аваад хэвшихсэн байна. Одоо заавал сарын эхээр авах гэж бужигнах шаардлагагүй. Сарын турш хөнгөлөлттэй эмүүдийг олгож байгаа. Цөөхөн хэдэн эмийн сан сарын эхээр олгоод байх шиг байна. Ер нь хөнгөлөлттэй эмийг сарын турш авах боломжтой.

-Цөөхөн биш ихэнх эмийн сангууд сарын эхээр олгоод бусад үед нь олгохгүй байгаа юм биш үү?

-Ер нь бид эмийн сангуудтайгаа холбогдож байгаа. Эмийн асуудал хариуцсан газар хэлтсүүд эм ханган нийлүүлэх байгууллага болон хөнгөлөлтөөр эм олгож байгаа эмийн сангуудтайгаа холбоотой байдаг. Хөнгөлөлттэй үнээр эм олгох асуудал цэгцэрч байгаа.

-Нийт эмийн сангийн хэдэн хувь нь даатгалаар үйлчилж байгаа вэ?

-Нийслэлд болон хөдөө орон нутагт дахь эмийн сангууд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж байгаа. Гэрээтэй эмийн сангаар иргэд сарын турш үйлчлүүлэх боломжтой. Эмийн татан авалтаас болоод эм тасрах тохиолдол гарч болно. Иргэд өөрийнхөө ойролцоох эмийн санд эм дууссан тохиолдолд даатгалын нээлттэй утас руу холбогдож, өөр ямар эмийн сангаас авч болох талаар мэдээлэл авах боломжтой юм.

-Хөнгөлөлттэй үнээр үйлчлэхгүй байгаа тохиолдолд яах вэ?

-Даатгалтай гэрээ байгуулж даатгалын санхүүжилтээр эм олгоно гэсэн газрууд үйлчлэхгүй байж болохгүй. Гэрээ байгуулж даатгалын сангаас мөнгө авч байгаа эмийн сангийн үйлчилгээ заавал явах ёстой.

-Сарын эхээр нэг хоёр хоногт эм дуусчихдаг тохиолдол цөөнгүй байдаг. Эмийн хүртээмж хангалтгүй байдаг юм уу?

-Эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ байгуулж байгаа эмийн сангууд гэрээнийхээ нөхцөл дээр хангамжийнхаа талаар тодорхой тусгасан байх ёстой. Хэрэв үйлчлэхгүй байгаа тохиолдол Эрүүл мэндийн даатгалын газарт хандах хэрэгтэй.

-Эмийн сангууд нөөц байсан хирнээ өөрсдөө нөөцгүй гээд эмийг олгодоггүй юм биш үү?

-Энэ асуудалд Эрүүл мэндийн даатгалын хяналтын газраас тогтмол хяналт шалгалт хийж явдаг. Мөн өргөдөл гомдлын мөрөөр гэрээний хэрэгжилт ямар байна гэдгийг шалгадаг. Нөөцтэй байгаа хэрнээ олгохгүй байх тохиолдол бараг гардаггүй.