М.Чимгээ: Монгол эмч нар мэргэжилдээ хайртай учраас өрөөсөн гутлын үнэтэй дүйцэхүйц цалин хөлсөөр өдийг хүртэл зүтгэж байна


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын эмч нарын VI дугаар их хурлыг “Эрүүл мэнд-Хөгжлийн тулгуур” уриатайгаар өнөөдөр Төрийн ордны их танхимд зохион байгууллаа. Тус хурлаар эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид хүн амын эрүүл мэндийг хамгаалах их үйлсдээ олсон амжилт бүтээл, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлээ ярилцаж, санал, бодлоо солилцсон юм.

image

Хуралд Улаанбаатар хотоос 350, хөдөө орон нутгаас 450 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн ажилтнууд оролцов. Хурлын үеэр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, ДЭМБ, Хүн амын сан, Хүүхдийн сан, АХБ-ны суурин төлөөлөгчид, Дэлхийн банк, Дэлхийн зөн болон бусад олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид оролцож, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар санал бодлоо илэрхийллээ.

image
image

Эрүүл мэндийн салбарын ажилчид зөвхөн эмнэлгийн тусламж үзүүлдэг “арми” биш, эдийн засгийн манлайлагчид

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Монголын зах зээл дээр ашиглагдаагүй орон сууцнууд олон байгаа. Үүнийг боловсролын салбарынхан болон эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох боломж бий. Эрүүл мэндийн байгууллагын ажилчдаа түрээсийн болон ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлэхэд төр, засгийн оролцоо чухал. Тэрчлэн, цалин хөлсний нэмэгдлийн тухайд ярихдаа үндсэн цалингийн асуудлыг ярих хэрэгтэй. 2018 онд үндсэн цалин найман хувь, энэ онд найман хувь, ирэх жил мөн нэмэгдэнэ гэж тооцвол үндсэн цалингийн хэмжээ нийтдээ 20 орчим хувь нэмэгдсэн байна. Санхүүгийн тооцоогоор 2020 гэхэд эрүүл мэндийн ажилтны цалин 55 хувиар нэмэгдэх боломж бүрдэж байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг мөнгө урсгадаг биш эдийн засгийг бүтээгч гэж харах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын ажилчид зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг “арми” биш, эдийн засгийн манлайлагчид юм.”

image

Монгол Улсын гавьяат эмч, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ: “Эмч нар өөрсдийнхөө дуу хоолойг нэгтгэх, санал бодлоо солилцох болон төр засгаас зохион байгуулж буй арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой чухал арга хэмжээ боллоо. Эрүүл мэндийн салбарт маш олон бүтээн байгуулалт хийгдсэн байна. Жишээлбэл: Японы Засгийн газрын хөрөнгө оруулалттай баригдсан Анагаах ухааны дээд сургууль, бааз эмнэлэг, “Хүрээ” амаржих газрын шинэ цогцолбор, Сонгино-Хайрхан дүүргийн жишиг эмнэлэг гэх мэт 18 эмнэлгийн барилга шинээр ашиглалтад ороход бэлэн болсон байна. Өнөөдрийн хурлаар яригдсан олон асуудал дотроос эмнэлгийн ажилчдын цалин, хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудал голлох сэдэв байлаа. Монгол эмч нар мэргэжилдээ хайртай учраас өрөөсөн гутлын үнэтэй дүйцэхүйц цалин хөлсөөр өдийг хүртэл зүтгэж байна. Тиймээс 2020 оноос цалинг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь эмч, ажилчдад том хөрөнгө оруулалт болно” гэв.

image