О.Байгаль: Кинонд тоглох саналд хэзээ ч нээлттэй байх болно


“Байгал Хаус” ХХК-ийн Ерөнхий захирал О.Байгаль хөрөнгө оруулалт үндэстэн формын METT THE SEO –д оролцож гарааны бизнес эрхэлж буй залуустай ярилцан, туршлагаасаа хуваалцсан юм. Олны өмнө тэр бүр гардаггүй, бизнесээ танилцуулж байгаагүй О.Байгалийн ярилцлагыг хүргэж байна.

1

-Монголын өв уламжлалыг хадгалсан Байгал брэндийг та хаанаас санаа авч эхлүүлсэн юм бэ?

-Хүүхэд байхаасаа урлагт хайртай, урлагийн бүтээлийг ойлгодог мэдэрдэг байсан. Тэр ч утгаараа СУИС-ийг төгссөн. Ёс заншлаараа бид чинь гэрийн хоймортоо бурхан тахилаа тавьж дээдэлдэг.  Авдар гэдэг айл гэрт байх ёстой гэж үзээд авдар авахаар гарлаа. Зах зээлд байгаа авдар надад огт таалагдаагүй. Тиймээс би өөрөө яагаад хийж болохгүй гэж бодогдоод өөрөө хийж үзэхээр шийдсэн. Айл гэрийг эвтэй байх билэгдлийг бодож тумбааш, аз хийморьтой, хүчирхэг байхыг билэгдэн  дөрвөн хүчтэн, цоожийг нь хүртэл хас тэмдэгтэй хийлгээд гэртээ тавьсан Тэр үеэс л хийх ёстой юм байна гэсэн бодол байнга төрсөөр олон жилийн дараа энэхүү брэндээ гаргалаа.

-Таны бизнес амжилттай өрнөж байгааг харах таатай байна. ТА бэрндээ АНУ руу гаргаж байгаа гэсэн үү. Яагаад АНУ гэж?

-Сэтгэл зүрхээ олон жил зориулж хийсэн бүтээлээ хаана хэрхэн худалдах вэ гэдэг маш их бодох зүйл л дээ. Манай өмнөд хөрш ой бас хүн ам олон ч хамгийн хүндрэлтэй асуудал А copy гээд л хэдэн зуугаар нь үйлдвэрчихнэ. Тэгээд л бидний хийсэн ажил талаар болно гэсэн үг. Дэлхийн алдартай брэндүүд Хятадын зах зээлд гараад яагаад унаад байгаа вэ гэхээр хямд үнээр их хэмжээгээр дуурайлгаад хийчихээд байгаа юм. Тиймээс бид зах зээл нь шударга, худалдан авагчдын ёс суртахуун төгөлдөржсөн улсыг сонгох хэрэгтэй байсан. Тиймээс бид АНУ-ыг сонгосон.

-Танай брэнд тансаг, хийц загвар сайтай. Санааг нь хэн гаргадаг юм бэ?

-Санаа маш чухал. Би маш их судалдаг. Тухайлбал гариг эрхсийн зүй тогтол ямар байгааг судлаад уялдуулж санаагаа гарган дизайнертайгаа ярилцаж, брэндийнхээ үндсэн санаатай уялдуулдаг.

-Амжилттай яваа эр хүний ард сайн хүчирхэг бүсгүй байдаг гэдэг. Харин амжилттай яваа эмэгтэй хүний ард эр хүн байх нь гарцаагүй болов уу?


-Мэдээж шүү дээ. Эр эм хүмүүс сэтгэл санаа нийлж, бие биедээ өмөг түшиг болж явахад нь ажил амьдрал цэцэглэж амжилттай байдаг. Миний хань ч түшиг тулгууртай эр хүний нэг. Оюутан ахуйгаасаа үерхэж нөхөрлөж, гурван хүүхдийн аав ээж болон амжилттай дуртай зүйлээ хийж буйд ханийн түшиг тулгуур нөлөөлөлгүй яахав.

-Та амжилтын нууцаа хуваалцаач гэвэл юу гэж хариулах вэ?

-Хүн хийж байгаа ажилдаа л дурлах, дуртай байх ёстой. Дуртай зүйлээ хийж буй хүн хэзээ ч сөхөрдөггүй, бас хэн нэгэнд ялархдаггүй юм шүү дээ.

-Таны хань Монгол Улсын 28 дахь Ерөнхий  сайд. Та бизнестээ  нөхрийнхөө эрх мэдлийг ашиглаж чадсан уу?

-Үгүй ээ, ашиглаж үзээгүй. Ерөнхий сайд болох санал ирснийг дуулаад би шууд эсэргүүцэж байсан. Гэсэн хэдий ч улс төрийн нөхцөл байдал, намынх нь нөхдийн саналыг дагаж энэ нэр хүндтэй албыг гүйцэтгэсэн.

-Таныг жүжигчин гэдгийг хүмүүс мэднэ. Хамгийн сүүлд ямар кинонд тоглосон билээ.Кинонд тоглох санал ирвэл та татгалзах уу?

-Кинонд тоглосоор л байгаа. Кинонд тоглох саналд хэзээ ч нээлттэй байх болно.

-Улс төрчдийн ар гэр, ах дүүс нь бизнес хийхэд хүндрэлтэй байдаг. Хамгийн наад захын жишээ ЖДҮС-ийн асуудал. Нөхөр нь өндөр албан тушаал хашихаас өмнө бизнес эрхэлж байсан зарим  эмэгтэйчүүдэд энэ их дарамт болсныг тэд хэлж байсан?

-Тийм ээ, тийм тохиолдол байсан байх. Надад бол манай нөхөр төрийн өндөр албан тушаал хашиж буй нь шийтгэл байсан.Шалгаад л байна, шалгаад л байна. Ямар нэгэн алдаа гарахгүй байхад л шалгаад л байна. Тэгэх тусам нь би илүү чамбай байж бүх зүйлээ шударга, үнэн бодитоор хийж харуулсан.

-Танай брэндийн үнэ арай өндөр байх шиг санагддаг. Экспортод гаргаж буй бүтээгдэхүүний үнэ дотоодын зах зээлд гаргах үнэ өөр байх уу?

-Бид нийт бүтээгдэхүүнийхээ 25 хувийг 500 мянга хүртэлх, 65 хувийг 500 мянгаас дээш үнэтэй байхаар төлөвлөж хийдэг.

-Та бүхэнд улам их амжилт хүсье. Дэлхийн зах зээлд Монголын өв соёлыг хадгалсан бүтээгдэхүүн улам олон байх болтугай.