Бизнесийн холбоод бодлого, нөөцөө нэгтгэн ажиллахаар боллоо


Жил бүр  уламжлал болгон зохион байгуулдаг Хөрөнгө оруулагч үндэстэн форум энэ сарын 01-ний өдөр  “Ирээдүйдээ эзэн байя” уриатайгаар тав дахь жилдээ боллоо.

Уг форумын үеэр Улаанбаатар хотын бизнесийн орчин, бизнесийн орчинд төрийн болон мэргэжлийн холбоодын үүрэг оролцооны талаар хэлэлцүүлэг болсон юм. Хэлэлцүүлэгт оролцогчид хууль тогтоох үйл ажиллагаанд хувийн хэвшлийн саналыг сонсох асуудал учир дутагдалтай, бизнесийн орчин таагүй, тогтворгүй, авилга, хээл хахуулийн асуудал хэвээр, гадаадын хөрөнгө оруулагч нарт ээлгүй байсаар байгаа талаар онцолж байв.

Бизнес эрхлэгч нарыг нэгэн дээвэр дор нэгтгэж, тэдгээрийн дуу хоолойг хүчтэй болгон, хувийн хэвшил, үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын Худалдааны Танхим /УБХТ/, МҮХАҮТ, CEO клуб хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтран ажилласанаар ямар үр дүн гарах талаар талуудын байр суурийг сонирхсон юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийхийлөгч О.Амартүвшин: Олдвол өлддөг явдлыг бид өөрчилж чадна


Монголд хийж бүтээж буй залуусын цугларалт, Монголын бизнесийн орчинд чухал нөлөө үзүүлсээр ирсэн энэ формын үеэр МҮХАҮТ, Улаанбаатар хотын Худалдааны Танхим, CEO клуб хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Олон ТББ, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхэн тулгарч буй бэрхшээл, хүсч тэмүүлж буй бодлого, бизнесийн орчноо сайжруулах талаар ганц ганцаараа саналаа хэлж, тэр нь төр засагт, шийдвэр гаргах түвшинд очихоороо ямар ч үр дүнгүй, хэнийх нь ч саналыг хүлээн авахгүй орхигдох тохиолдол олон байна. Олдохоороо өлддөгийн жишээ энэ юм. Ингэж нэгдэж, хамтарч ажиллаж, саналаа нэгтгэснээр бид бизнес эрхлэгчдийнхээ юу хүсч, ямар асуудлыг шийдэх хүсэлтэй байгааг бодлого болгон нэгтгээд шийдвэр гаргах түвшинд хүргэх боломж бүрдэх юм.

УБХТ-ын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг: Бизнесийн салбарынхан нэгдэж чаддаг гэдгээ ийнхүү харуулсанд талархаж байна


Нэгдэж чадна гэдэг маш том амжилт. Олон асуудлаа хамтдаа шийдэж, Монголын болоод Улаанбаатарын бизнес эрхлэгчдийн орчин сайжруулж, хүн хүссэн зүйлээ хийхэд шударга өрсөлдөөнийг хангасан хууль эрх зүйн орчин нь таатай байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллах цаг нь болсон. Бид нэгдэж, Хөрөнгө оруулагч үндэстэн чуулганаар болох болохгүй зүйлээ нүүр тулан ярилцсанаар олон давуу тал бий болно. Хүн мөнгө олохын төлөө ажилладаг бол одоо мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуулах орчин бий болсон. Гарааны бизнесээ эхэлж буй бизнес эрхлэгчид хөл дээрээ тогтсон Гүйцэтгэх захирлуудтай уулзаж ярилцсан. Яаж хөдөлмөрлөж, хэрхэн амжилтад хүрсэн талаар ярилцахаас гадна өөрт тулгарч буй бэрхшээлээ хэрхэн давах талаар зөвлөлдөж, амжилтад хүрэх боломжийг бүрдүүлж байна. Нийлж, бодлогоо зангидаж чадсанаар амжилтад хүрнэ гэдгийг мэдсэн, ойлгосон бизнесийн салбарынхан нэгдэж чаддаг гэдгээ ийнхүү харуулсанд талархаж байна.

УБХТ-ын гишүүн, Монголын ББСБ-ын Холбооны Ерөнхийлөгч З.Алтанзул: Гарцаа олж, боломж нээх чухал ач холбогдолтой


Ингэж нэгдэн ажиллах нь маш чухал. Олон асуудлыг хамтдаа шийдэн, гарцаа олж, боломж нээх чухал ач холбогдолтой. Түүнчлэн эрх зүйн орчин сайжирч, ТББ-ын оролцоог нэмэгдүүлэх, жижиг том гэлтгүй бүх бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломж бүрдэх учир чухал ач холбогдолтой ажил боллоо. Илүү их амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна.

CEO клубын Ерөнхийлөгч В.Ганзориг: Бизнес эрхлэгчдийн саналыг сонсож тусгадаг болно гэдэгт итгэлтэй байна


Монголд компанийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Гэсэн атлаа тогтвортой хууль эрх зүйн орчин, шударгаар бизнес хийх боломж хангалттай бус байна. Шударга өрсөлдөөн, хууль эрх зүйн таатай орчин, бизнесийн орчинг сайжруулах шаардлага гарцаагүй байгаа учир ийнхүү нэгдэж, бодлого, тус тусын нөөцөө нийлүүлэн хамтран ажиллахаар боллоо. Ялангуяа сонгуулийн жил хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг популист улстөрчдөөс хамгаалах, шийдвэр гаргагчдад мэргэжлийн хүрээнд нөлөөлдөг, төр нь бизнес эрхлэгчдийн саналыг сонсож бодлого, мөрийн хөтөлбөртөө тусгадаг, төр ба хувийн хэвшлийн түншлэлийг зөв бүтцээр явуулдаг болоход түлхэц болно.