ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2016.11.10/ Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын Орлогч дарга Савада Хироми тэргүүтэй тус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын Орлогч дарга Савада Хироми энэ жилийн наймдугаар сард Монгол Улсын Засгийн газар Жайка-д хандан “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх, механизмыг боловсронгуй болгох талаарх техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийг хэрэгжүүлэх хүсэлтийг тавьсан. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, төсвийн хөрөнгө оруулалтын салбарын суурь судалгаа”-ний эхлэлийн тайланг танилцуулахаар ирлээ. Энэхүү суурь судалгааг арваннэгдүгээр сарын 6-наас ирэх оны хоёрдугаар сар хүртэл хэрэгжүүлнэ" гэлээ.

Монгол Улсын Засгийн газарт хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулахад ямар асуудал тулгарч байгаад ач холбогдол өгч, үүн дээр судалгааны баг голлон ажиллаж байгааг дурьдлаа. Өөрөөр хэлбэл гурван асуудалд анхаарал хандуулж тодорхой болгох чиглэлтэй байгаа юм байна. Үүнд, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хэрэгжүүлэх үр дүнтэй хувилбарыг бий болгох (урт хугацааны), Хөрөнгө оруулалтын стратеги боловсруулах (дунд болон урт хугацааны), Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсвийн менежмент механизмын хэмжээ гэсэн гурван асуудалд шийдэл олох зорилготойг онцлов.

Байнгын хорооны дарга Н.Энхболд “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичиг маань өнөөдрийн төр засгаас гаргаж буй шийдвэрүүдийн суурь болж байгааг та бүхэн бидний товч танилцуулгаас ойлгосон байх. Өөрөөр хэлбэл бодлого төлөвлөлтийн урт хугацааны хуулинд тулгуурлан намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг болсныг хэлэв.

Тэрбээр судалгааны явцад олон нийтэд урт хугацаатай, тогтвортой хөгжлийн ач холбогдлыг ойлгуулах санааг тусгаж өгөх хэрэгтэй байх. Мөн гадны хөрөнгө оруулалтыг хамгаалах тусгайлсан эрх зүйн орчныг бий болгох санааг судалгаанд тусгаж өгөх нь зүйтэй гэж санал хэлэв.

“Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, төсвийн хөрөнгө оруулалтын салбарын суурь судалгаа”-ний хүрээнд сургалт, семинар, санал солилцох уулзалтыг байгуулах юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.