УИХ-ын чуулганыг 15.00 цагаас хуралдуулахаар боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2020.01.08/15.00 цагаас товлолоо. Хуралдаанаар нэн тэргүүнд Засгийн газраас өргөн барьсан Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцэн батлахаар болжээ.


Учир нь, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн байдаг. Улмаар Засгийн газар өнгөрсөн даваа /2020.01.06/ гарагт ээлжит бусаар хуралдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөл өргөн барихаар болсон юм. Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт  өргөн барьсан.

Тэгвэл яг одоо Төрийн ордонд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэж байна. Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлахаар боллоо.