“Туул” голын мөсөнд цөмөрсөн машиныг гаргажээ

Онцгой байдлын алба хаагч нар өчигдөр “Туул” голын мөсөнд цөмөрсөн хоёр автомашиныг татан гаргажээ.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг өчигдөр 11:54 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 40 км замыг туулан 12:45 цагт очиж, 45 минут ажиллаж татан гаргасан байна.

Мөн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Тэрэлжийн гүүр”-ний баруун талд иргэн Г-гийн жолоодож явсан “Старекс” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн дуудлагыг 17:16 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 1 автомашинтай 12.5 км замыг туулан 18:06 цагт очиж, 26 минут ажиллаж, автомашиныг татан гаргажээ. Уг автомашинд арван зорчигч сууж явсан байна.