Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөг бэлнээр олгох саналыг УИХ дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, 19.00 цагийн орчимд эхэлсэн хуралдаан 21.00 цаг хүртэл үргэлжлэв. GoGo.mn сайт чуулганы хуралдааныг шууд дамжуулсан бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

Үг хэлсэн УИХ-ын гишүүд ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу хуулийн төслийг дэмжиж байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Пүрэвдорж нар тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн эрхийн бичиг олгох бус нэг сая төгрөгийг нь бэлэн мөнгөөр олгох санал оруулсан юм. Уг саналыг дэмжих эсэх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 44 гишүүний 29 нь буюу 65.9 хувь нь дэмжлээ. 

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийх бөгөөд уг саналыг өнөөдөр байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж, төслийн эцсийн найруулгад тусган оруулж ирэхээр болов.

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төсөл нь: 

  • Зургаан сая төгрөгөөс доош зээлтэй иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлнө. Зургаан саяас дээш зээлтэй бол зөрүүг зээлдэгч өөрөө хариуцна. 
  • Цаашид тэтгэврийн зээлийг жилд нэг удаа зургаан сараас дээшгүй хугацаанд олгодог болох
  • Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг удаа нэг сая төгрөгийн урамшуулал олгох гэсэн үндсэн гурван гол асуудлыг зохицуулах хүрээнд хэлэлцэгдэж байна.  

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг 420 мянган иргэний:

  • 309 мянга нь өндөр насны тэтгэвэр
  • 68 мянга нь групп, тэтгэмж авдаг
  • 20 мянга нь тэжээгчээ алдсан
  • 16 мянга нь цэргийн тэтгэвэр авдаг. Энэ хүмүүсийн зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлнө. 

Тэтгэврийн зээлтэй байгаад нас барсан иргэдийн 1.1 тэрбум төгрөгийн зээлийг тэглэнэ гэж төсөлд тусгажээ. Зургаан сая төгрөгөөс дээш зээлтэй байгаад нас барсан бол асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульд тодорхой оруулахыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажлын хэсгийнхэнд анхааруулав. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийх юм.