Хятадад 350 км/цаг хурдлах жолоочгүй галт тэрэг явж эхэллээ

Хятадын нийслэл Бээжин хот болон Жанжякоу хотыг холбосон, 350 км/цаг хурдтай жолоочгүй галт тэрэг явж эхэллээ. 2022 оны Өвлийн олимп зохиогдох тус хоёр хотыг холбох зорилготой уг суман галт тэрэг Дэлхийн хамгийн хурдан жолоочгүй галт тэрэг юм.

Тус галт тэрэг Бээжин хотоос Жанжякоу хот хүртэлх 175 орчим км зайг 47 минутад туулах ба өмнө нь энэ хооронд 2-3 цаг явдаг байжээ. Уг "Жин-Жан" хурдны галт тэрэгний замын барилгын ажил дөрвөн жил үргэлжилсэн бөгөөд дээрх хоёр хотоос гадна Яньцин хотыг холбосон байна.

Галт тэрэг замдаа "Хятадын цагаан хэрэм-"ийн хамгийн алдартай хэсэг болох Бадалин Чан Чен зэрэг 10 өртөөд зогсоно. 

Бээжин,  Жанжякоу хотын хооронд одоогоор гуч орчим суман галт тэрэг зорчдог. Хятад дахь хурдны галт тэрэгний сүлжээ зам 35 мянган км болоод байна. 

Эх сурвалж: CNN