Томуу, томуу төст өвчний улмаас арван аймагт сурагчдын амралтыг сунгажээ

Аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчний халдвар өндөр байна. Нийт 10 гаруй аймагт томуу өвчний дэгдэлтийн түвшин 15.1-26.6 хувьд хүрээд байгаа юм. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 тоот тушаалд тусгаснаар нийт өвчлөгсдийн 15-аас дээш хувь нь томуу өвчнөөр өвчилсөн бол хөдөлгөөнийг хязгаарлахаар заасан.


Иймд Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Ховд, Увс гэсэн 10 аймагт Ерөнхий боловсролын сургуулийн амралтын хугацааг сунгаж, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

Аймгуудын ЕБС-ийн хичээлийн амралт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ноос энэ сарын 13-ны өдөр хүртэл гурван долоо хоног амрах хуваарьтай байв. Гэвч томуу өвчний халдвартай холбоотойгоор дээрх аймгууд сургуулийн амралтыг сунгалаа. Тухайлбал өчигдөр /2019.01.10/ гэхэд Ховд, Өвөрхангай, Орхон аймгуудын Онцгой комисс хуралдаж, сургуулийн амралтыг сунгах шийдвэр гаргажээ. Аймгууд Онцгой комиссын хуралдааны дээрх шийдвэрээ БСШУСЯ-нд албан тоотоор мэдэгдсэнээр амралтын хугацааг сунгах шийдвэр албажих юм.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Өнөөдрийн байдлаар /өчигдөр/ Увс, Ховд, Дундговь, Сэлэнгэ аймгууд сурагчдын амралтын хугацааг сунгах тухай Онцгой комиссын шийдвэрээ ирүүлээд байна. Албан тоотыг хүлээн авснаа тухайн аймгуудад мэдэгдсэнээр аймгийн Онцгой комиссын шийдвэр хэрэгжинэ” гэлээ.

Аймгийн Засаг дарга нар томуу өвчний халдвар ихэссэнтэй холбоотойгоор сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд хүүхэд нь өвдсөн тохиолдолд тав хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.

Ховд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, амбулаторийн нийт үзлэгийн 15.1 хувийг эзэлж байна. Тиймээс Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын 2020 оны А|05 дугаар тушаалын дагуу “Хичээл сургалтын үйл ажиллагааг түр хойшлуулах, хязгаарлах тухай” Ховд аймгийн Засаг даргын А|07 тоот захирамж гаргасан байна.  Энэхүү захирамжид зааснаар  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоёрдугаарын ээлжийн амралтыг долоон хоногийн хугацаанд сунгаж, нэгдүгээр сарын 13-20-ны өдөр хүртэл амраахаар шийдвэрлэжээ. Мөн цэцэрлэгүүдийг нэгдүгээр сарын 10-20-ны өдрүүдэд амрааж, хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахыг түр хугацаанд хязгаарласан байна. Түүнчлэн жирэмсэн болон 5 хүртэлх насны хүүхдүүд нь ханиад томуугаар өвчилж, эмчлүүлэх, асруулах зайлшгүй шаардлага тулгарсан ажилтан, албан хаагчдад 3-5 хоногийн цалинтай чөлөө олгохыг байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт зөвшөөрчээ.

Өвөрхангай аймгийн хувьд Онцгой комисс өчигдөр хуралдаж томуу, томуу төст өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцжээ. Тус хурлаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралтыг долоо хоногоор, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэрийг мөн 7 хоногоор сунгахаар тогтсон байна. Сүүлийн гурван хоногийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 4820 хүн үйлчлүүлсний 695 нь томуу, томуу төст өвчлөлийн шалтгаанаар эмнэлгийн байгууллагад ханджээ. Нийт сумдаас 13 суманд  амбулаторийн үзлэгээс томуу томуу төст өвчний эзлэх хувь 15-аас дээш байгаа тул дээрх шийдвэрийг Онцгой комиссын хурлаас гаргалаа. Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа энэ сарын 20-ны өдрөөс хэвийн явагдана.

Орхон аймагт томуу, томуу төст өвчний  тархалт амбулаторийн үзлэгийн 12.8 хувийг эзэлж байна. Мөн түргэн тусламжийн  дуудлагын 22.8 хувийг томуу , томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа аж. Иймд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр, цаашид өсөх хандлагатай байгааг харгалзан үзэж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгүүдэд тогтоосон хөл хориог 2020 оны нэгдүгээр сарын 20 хүртэл сунгажээ.

Увс аймгийн хэмжээнд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний өвчлөл амбулаторийн үзлэгийн 17.6 хувьд хүрч нэмэгдсэнтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2019-2020 оны хичээлийн жилийн II улирлын амралтын үргэлжлэх хугацааг долоо хоногоор, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг энэ сарын 08-ны өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаагаар тус тус хязгаарласан байна.

Дорнод аймгийн төвд томуу, томуу төст өвчний дэгдэлт сүүлийн долоо хоногт огцом нэмэгдэж амбулаторийн нийт үзлэгийн 16.8 хувьд, яаралтай түргэн тусламжийн шалтгаант дуудлагын 18.1 хувийг эзэлж байгаа тул сургуулийн амралтыг сунгаж, цэцэрлэгийг түр хаах тухай Хэрлэн сумын Засаг даргын захирамж гарчээ. Дорнод аймаг аймгийн төвийн ЕБС, цэцэрлэгийг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн 17-ны өдрийг дуустал түр хугацаагаар хаахаар шийдвэрлээд байна.

Өмнөговь аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгт томуу өвчний эзлэх хувь 20 хүрээд байна. Онцгой комиссын гишүүд эмнэлэг, өрхийн эмнэлгээр явж бодит байдалтай танилцан сургууль, цэцэрлэг, олон нийтийг хамарсан арга хэмжээг нэгдүгээр сарын 20 хүртэл зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа. Албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийг амны хаалт зүүх, гараа угааж ариутгах, бага насны хүүхэд, жирэмсэн эх, ахмад настанд анхаарлаа хандуулах хараа хяналтаа сайжруулах, томуу өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг онцгой анхааруулсан байна.

Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Сэлэнгэ аймгууд мөн энэ сарын 20 хүртэл сургуулийн амралтын хугацааг сунгах шийдвэр гаргаад байна.

Харин зарим аймагт хичээлийн амралт хуваарийн дагуу дуусаж, ирэх даваа гарагаас сургуулиудын хичээл орно. Тухайлбал, Архангай аймагт томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын энэ сарын 8-ны өдрийн мэдээгээр амбулаториор 3354 хүн үйлчлүүлсний 13.7 хувь буюу 461 томуу өвчний халдвар эзэлсэн нь өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 9.8 хувиар буурсан байна. Иймд сургууль, цэцэрлэгүүд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, сургалтын үйл ажиллагааг энэ сарын 13-наас эхлэн хэвийн үргэлжлүүлэхээр болжээ.