Иран Украины онгоцыг харвасныг эсэргүүцэн иргэд жагсаж байна

Иран улс 176 зорчигч тээвэрлэж явсан Украины онгоцыг санамсаргүй харваснаа хүлээн зөвшөөрсний дараа иргэд Засгийн газрынхаа эсрэг жагсаал өрнүүллээ.

Жагсагчид нийслэл Тегеран болон бусад хотуудад уриа, лоозон барьж Ираны өндөр албан тушаалтай эрх баригчдыг огцорхыг шаардаж байна. Цагдаагийн ажилтнууд тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашиглаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлэв. Талуудын хооронд цус урссан мөргөлдөөн гарч байна. Зарим жагсагч “Тэд Америк бол бидний дайсан гэж худлаа ярьдаг. Үнэндээ бидний дайсан яг энд байна” хэмээн орилж байгаа бичлэг интернетэд цацагдсан байна. Нийслэлд 1000 орчим иргэн жагсаж байгаагаас ихэнх нь эмэгтэйчүүд аж.

Украины "Boeing 737-800" онгоц Ираны нийслэл Тегеран хотоос өнгөрсөн лхагва гарагт /2020.01.08/ хөөрөөд удаагүй байхдаа осолдож, 176 хүн амиа алдсан. Уг онгоцонд Иран, Канад, Украин, Их Британи, Афганистан, Швед улсын иргэд сууж явсан юм. Онгоц осолдохоос хэдхэн хормын өмнө Ираны тал газар-агаар ангиллын хоёр пуужин харвасан бөгөөд алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Ираны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд осолтой холбогдуулан “Ичгүүр сонжуургүй”, “Уучлахгүй” гэх зэрэг гарчигтай нийтлэлүүдийг нүүрэндээ тавьжээ.

Түүнчлэн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Иран улсыг бүрэн хариуцлагаа хүлээхийг шаардсан бол Украины Ерөнхийлөгч хар хайрцгийн мэдээллийг гарган авахад хамтран ажиллаж байгаагаа мэдэгдэв. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “twitter” хуудсандаа Ираны жагсагчдыг онилох хэрэггүй хэмээн анхааруулжээ. Тэрбээр "Жагсагчдын аминд бүү хүр. Дэлхий дахин ажиглаж байна. Хамгийн гол нь АНУ ажиглаж байна. Интернетээ нээж, сэтгүүлчдийг чөлөөтэй нэвтрүүл" хэмээн бичжээ.

Эх сурвалж: BBC