Д.Нямхүү: Коронавирусын сэжигтэй 7 тохиолдлыг Монголд шалгаж байна

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдвар, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.  

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Дархан-Уул аймагт тусгаарласан эмэгтэйн хариу сөрөг гарсан. Вирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д БНСУ-аас ирсэн хоёр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний  хариу сөрөг гарсан, коронавирус илрээгүй.

Орхон аймгийн сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулсан. Өнөөдөр хариу нь гарна.

Өчигдөр ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарласан. Тодруулбал, өчигдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн Австрали улсын иргэн, Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн монгол иргэн, мөн нэгдүгээр сарын 31-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн нэг иргэнд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн учраас ХӨСҮТ-д хандаж ирсэн. 

Одоогоор 7 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа, шинжилгээ хийж байна. 

Өнгөрсөн хугацаанд нийт 85 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 67 хүн ХӨСҮТ-т хэвтэн шинжлүүлж, зөвлөгөө аваад гарсан. Орон нутагт 18 хүнийг шинжилгээнд хамруулж, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна” гэлээ.