Д.Лүндээжанцан: "Мянга сонсохоор нэг үз“ гэдэг, хүмүүс казинод ордог л биз дээ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан болон Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нар “The Star Sydney” казинод орсон тухай мэдээлэл олны шүүмжлэлийг дагуулсаар байгаа юм. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн нарын гишүүд “Монгол Улсад Казиногийн тухай хуулийн төсөл боловсруулж буйтай холбоотойгоор казинод орж танилцсан, туршлага судалсан, гэхдээ казино тоглоогүй” гэх тайлбарыг өгсөн. Гэвч хэд хоногийн өмнөөс тэдний казино тоглож буй зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, өнөөдөр /2020.02.06/ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн казинод тоглож буй фото зураг мөн сошиал орчинд тарлаа.

Казино тоглосон эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай холбогдож тодруулахад “Би казинод орсон гэдгээ хэлсэн шүү дээ. Монгол Улсад казино байгуулах асуудал яригдаж, Казиногийн тухай хуулийн төсөл боловсруулах ажил явж байгаа. Казино байгуулах шаардлага байгаа эсэхийг судалж, ер нь юу байдаг юм бол гэж сонирхож орсон. “Мянга сонсохоор нэг үз“ гэдэг. Хүмүүс казинод орж л байдаг биз дээ. 

Би казинод орсон нь үнэн. Тэр үед л зураг дарсан юм байна. Монголд казино байгуулах цаг нь болоогүй байна гэсэн ойлголтой ирсэн” гэлээ. 

Гэрэл зургийн эх сурвалж: CHECK.MN