Г.Эрдэнэбилэг: “Хийморь” кино маань Холливүүдийн шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан

Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг “Хийморь” уран сайхны киногоороо Тайланд улсад болсон Азийн аялал жуулчлалыг дэмжих киноны хоёрдугаар форумд оролцоод ирсэн билээ. 

Нэгдүгээр сарын 30-ны өдөр Бангкок хотноо болсон тус форумд аялал жуулчлал, дэлгэцийн бүтээлийн салбарын 30 гаруй шилдэг мэргэжилтнүүд илтгэгчээр оролцож өөрсдийн мэдлэг туршлага, салбарын чиг хандлагын талаар мэдээлэл өгчээ. 

Мөн энэ үеэр Тайланд болон Зүүн Өмнөд Азийн бүсээс ирсэн кино урлаг, аялал  жуулчлалын салбарын мэргэжилтнүүд улс орнуудын шилдэг дэлгэцийн бүтээлүүдийг үзэж сонирхсон байна. 

Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн “Хийморь” уран сайхны киногоо мөн толилуулсан бөгөөд кино урлаг, аялал жуулчлалын салбарынхан хэрхэн хүлээн авсан, “Оскар”-ын шагналд нэр дэвшихээр оролцоход Холливүүдийн шүүгчид ямар сэтгэгдэлтэй байсан талаар ярилцлаа.

-Сайн байна уу? Та сайн явж ирэв үү. Кино урлаг, аялал жуулчлалын форумд “Хийморь” киногоо толилуулаад ирсэнд байна. Форумын зорилго, ач холбогдлын талаар ярихгүй юу?
-Сайн явж ирлээ. “Хийморь” киногоороо гаднын фестивалиудад оролцож явахдаа киноны салбарын олон хүнтэй уулзаж, Монголын байгаль нутаг, адуу мал, монгол ахуй аялал жуулчлалыг татахад их хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. 

Азаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас надад санал тавьж, эх орноо сурталчлах энэ арга хэмжээнд оролцохоор болсон юм. 

Форумд Азийн улс орнуудаас мэргэжилтнүүд ирж сонирхолтой илтгэлүүд тавьсан. 
Кино, аялал жуулчлал хоёр салшгүй холбоотой. Киночид Монголын байгалийг зураг авалтын талбай болгох санаатай байгаагаа илэрхийлж, Монгол руу анхаарал хандуулж байна. 
“Кино зургийг бүгдийг нь Монголд авсан уу, эсвэл өөр өөр улсад авсан юм уу?” хэмээн гайхаж байсан. Сайхан говь, хангай, өргөн талтай юм гэсэн. Аялал жуулчлалынхан, киночид харилцан бие биеэ сурталчилсан чухал үйл явдал боллоо.

-Киног үзсэн хүмүүсийн сэтгэгдэл ямар байсан бэ? Гаднынхан сэтгэл нь хөдлөөд уйлсан тухай та бичсэн байсан.
-”Хийморь” киног хүмүүс их сэтгэл хөдлөлтэй үздэг.  Манай киног дахиад Тайландад гаргая гэж ярьсан. Гуравдугаар сарын сүүлээр очихоор боллоо. Монголчууд киног маань үзээд их сэтгэл хангалуун гардаг л даа. Бид байнга хөдөө нутгаар аялж, байгалийн сайхан газруудаа мэддэг болохоор заримдаа тэр сайхан газруудаа анзаардаггүй байж болох юм. 

Гэтэл Монголыг үзье, очиж аялмаар байна гэсэн гаднынхантай их таарсан.  Форум Тайландад болсон ч германчууд, америкчууд ирэхээр болсон. Дор хаяж 10-аас дээш жил киноны салбарт ажилласан мундаг хүмүүс байна. Монгол ямар сайхан байгальтай юм бэ гэж шагширч, яасан их адуутай юм гээд л... Маш олон хүн манайд ирэх юм сан гэж ярьж байна. Зарим нь бүр Монголд амьдарна гэх жишээтэй. Тэр ч тухайн үеийн сэтгэл хөдлөл байх л даа. Аялал жуулчлалын яамныхан ч хамтарч ажиллан, киног ашиглаж салбараа хөгжүүлэх боломж гэж харж байна.

-Цаашид хамтарч ажиллах гэрээ хэлэлцээрүүд хийв үү?
-Олон хүнтэй холбоо тогтоож, уулзалт болгоноороо хамтрах тухай ярилцсан.  Ажил болох эсэх нь цаашид шийдэгдэх байх. Тайландад ирж кино зураг аваарай гэсэн. Бас Монголд зураг авъя, хамтарч кино хийе гэх мэт олон санаа ярилаа. 

-”Хийморь” киногоороо хэчнээн наадамд оролцоод байна вэ?
-Германы Олденбургийн 2019 оны кино наадмаас “Кино урлагийн амин сүнс” хэмээх түүхэн шагнал хүртсэн. Түүхэн гэж хэлсний учир нь шинээр бий болгосон энэ шагналыг Монголын нэрэмжит болгож, дараа дараачийн фестивальдаа олгож байхаа болсон юм.

АНУ-ын Сан Диего хотод мөн фестивальд өрсөлдөөд “Шилдэг кино” шагналыг хүртлээ. Энэ бол маш том шагнал. Дараа нь “Улаанбаатар” кино наадамд “Шилдэг зохиол” шагнал авсан. 

Мөн Энэтхэгт Болливүүдийн томоохон кинонууд өрсөлддөг фестивальд оролцлоо. Энэ фестивальд маш олон кино оролцож, шилдэг 15-ыг шалгаруулахад манай бүтээл 15-д нь багтсан. 

“Оскар”, “Алтан бөмбөрцөг” зэрэг томоохон шагнал гардуулах ёслолд гаднын кинонуудаас “Parasite” маш амжилттай байна. Зарим кинонууд 10 сая долларыг зөвхөн маркетингийн зардалд зарцуулсан гэж сонссон. А зэрэглэлийн кино театрт киногоо гаргах уу, шүүгчдэд зүгээр ус өгөх үү эсвэл хамгийн тансаг зоогийн газар хүлээн авалттай ярилцлага хийх үү гэдэг сонголт байна. Мэдээж шүүгчдэд мөнгө өгнө гэсэн ойлголт энд байхгүй л дээ.

Тухайн үед Холливүүдийг “Parasite” бүрхсэн. Гудамж талбайн сурталчилгааны самбарууд, сэтгүүлүүдийг эзэгнэлээ. Надад үнэхээр тийм их мөнгө байхгүй. Тийм асуудал байгаа болохоос Оскар руу зүтгэхэд бидэнд чадвар байгаа юм байна гэж ойлгосон.

-"Оскар"-ын наадмын ямар шатанд нь хасагдсан бэ?
-Эхлээд материалаа бүрдүүлнэ. Улс улсаас нэг л кино авдаг. Монгол улсаас “Хийморь” кино ганцаараа төлөөлж гарч ирсэн. Тэгээд тухайн ондоо багтааж нээлтээ хийсэн байх, төчнөөн өдөр кино театрт гаргасан байх, дуу дүрсний чанарын стандартыг хангасан, цэвэр монгол кино байх гэх мэт олон шаардлагыг хангасны дараа авдаг. Биднийг өөрсдөө кино үзвэрээ зохион байгуулж, маркетингийн компани хөлслөх эрхтэй гэсэн. 

Ингэж явсаар 90 гаруй киноноос 10 кино шигшигдэж үлддэг богино жагсаалтдаа багтаж чадаагүй. Богино жагсаалтдаа орчих болов уу гэж маш их найдаж байсан. Шигшигдэж үлдсэн 10 киноноос тав нь “Оскар”-ын наадамд оролцоно. 

-”Оскар”-ын наадмын шүүгчид ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-Мэдээж энэ наадамд оролцож үзэх нь маш чухал байлаа. Хамгийн гол нь шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан. Шүүгчдийн бүрэлдэхүүнд нь дандаа настай хүмүүс байдаг юм билээ. Юм үзчихсэн, хэр баргийн юманд сэтгэл нь хөдөлдөггүй, амьдралаа тэр чигт нь кино урлагт зориулчихсан буурай нар шүүж байна.  

Манай киног үзээд зохиол нь гайхалтай байна гэсэн. “Монголын киноны хийц ийм түвшинд хүрчихсэн юм уу?” гэж гайхаж байсан. Зарим нь Чингис хаанаар Монголыг төсөөлж, гэрт амьдарч малаа хариулдаг гэсэн ойлголттой байдаг. Гэтэл кино урлаг нь ийм хэмжээнд хөгжсөн байгаад өндөр сэтгэгдэлтэй байсан. 

Дээр нь киног магтсан. “Амьтан тоглуулна гэдэг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл” гэнэ. “Гол дүрийн хүү хэдэн настай вэ, мэргэжлийн хүүхэд үү?” гэж асууж байлаа. “Үгүй, хөдөөний малчин хүүг тоглуулсан” гэхэд “маш мундаг байна” гэсэн. “Киноны хэлж байгаа санаа их таалагдлаа. Эх орон, газар шороо, байгаль экологио хайрлая гэсэн санааг хүүхэд морь хоёроор илэрхийлэн дуугарч байгаа нь таалагдлаа” гэсэн. 

“Сүүлийн үеийн кинонууд ногоон, цэнхэр фон дээр цоолоод компьютер графикаар хийдэг болчихсон. Энэ кино мөн үү, биш үү гэдэг дээр асуудал үүсдэг. Харин “Хийморь” бол натураль кино байна” гэсэн. “Киноны хөгжим их сайхан амьд” байна гэлээ. Киноны үеэр зарим шүүгч нар уйлсан. Монгол гэж ямар орон байна гэж сонирхож байлаа. Эхнэр үс, дээл хувцсыг хараад “хувцасны зураач мундаг ажилласан байна” гэхэд нь “Уучлаарай, манай зураач нар зохиогоод хийчихсэн юм биш. Энэ бол монголчуудын уламжлагдан ирсэн өдөр тутмын хэрэглээ байсан зүйл” гэж хэлэхээр л “ухаан алдаад” байсан. 

Тэгэхээр монголчуудыг тэр болгон сайн мэдэхгүй байна. Тиймээс эх орноо сурталчилсан гэдгээрээ бахархалтай байлаа. Тэмцээн уралдаанд өрсөлдөөд түрүүлж чаддаггүй юм гэхэд наад зах нь эх орноо, соёлоо сурталчилна гэдэг чухал юм. Ингэснээр аялал жуулчлалыг татах, нөгөө талаас дэлхийн кино урлагийг Монгол руу татах ач холбогдолтой. Мундаг продюсеруудтай том төсөл дээр хамтарч ажиллах гарц байдаг юм байна гэдгийг мэдлээ. 

-Шинэ уран бүтээлдээ орсон уу?
-Бодсон, оролдож байгаа зүйл бий. Гаднынхантай хамтарч ажиллах төсөл ч бий. 
Одоогоор тууштай орж амжихгүй байна. “Хийморь” киногоо аваад Азийн улс орноор явах төлөвлөгөө байна.

Нэмж хэлэхэд, хөл хорио тогтоогоод кино театрууд хаагдчихсан байгаа энэ цаг үед хүмүүс гэртээ байгаа учраас “Хийморь” киногоо Монголдоо дахиж гаргаач гэсэн санал ирсэн. Видео санд оруулах цаг нь ч аль хэдийн болчихсон болохоор Юнивишн, Скаймедиа, ДДэшТВ-ийн видео сангаар гаргахаар ярьсан. “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн кино болохоор сурган хүмүүжүүлэх ач холбогдолтой гэр бүлээрээ, үр хүүхэдтэйгээ үзэх кино гэдгийг хэлмээр байна.

-Баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье.

Эх сурвалж: gogo.mn