Коронавирусийн халдвараар 638 хүн нас барж, 3143 тохиолдол шинээр бүртгэгдэв

Эх газрын Хятадад шинэ төрлийн коронавирусийн халдвар авч, нас барсан хүний тоо 600-г давжээ.

Тархалтын төв цэг болоод байгаа Хубэй мужид 24 цагийн дотор 2447 шинэ тохиолдол илэрч, 69 хүн нас барсан байна. Зөвхөн тус мужид амиа алдсан хүний тоо 618 болжээ. Харин Хятад даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг хоногт 3143-аар нэмэгдсэнийг бүртгэв.

Коронавирусийн тархалт оргил үедээ хүрэх эсэхийг таамаглахад эрт байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райн ярьсан байна.

Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 29,258 болж, нийт 638 хүн нас барсан гэж Хятадын эрүүл мэндийн үндэсний хороо мэдээллээ. Харин бүрэн эдгэрсэн хүний тоо 1341 болсон байна. Нийт 26 улсад коронавирусийн халдвар илрээд байгаа аж.

Эх сурвалж: SCMP