Тоотой хэдэн тойрог, тоймгүй олон горилогч

  • МАН-ын дарга У.Хүрэлсүх зарим “найзаа” нэр дэвшүүлэхгүй гэжээ
  • УИХ-ын гишүүн Я.Содбаатарын мандат дээр Д.Лүндээжанцан очиж, буцаад Өвөрхангайгаас нэр дэвшихээр тохиролцсон аж. Өвөрхангай түүний хувьд бараг өмчилж авсан тойрог нь байсан
  • Ардчилсан намын дэмжигчдийн дунд хөвөгч сонгогч өндөр хувь эзэлдэг. Энэ тохиолдолд МАН ирэх сонгуулиар тэдгээр олон нэр дэвшигч, жижиг нам эвслүүдийг санхүүжүүлж ардчилсан намын эсрэг блок үүсгэх магадлалтай юм

УИХ-аас сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг зааж өгснөөр намууд нэр дэвшигчдээ хаана “зоох”, хэнийг хэнтэй “тулгах” вэ гэсэн бодлого бодох үйл явц үргэлжилж байна. Парламентын энэ удаагийн сонгуулийг томсгосон мажоритар системээр, ингэхдээ нийт нутаг дэвсгэрийг 76 тойрогт хувааж, намууд 52 хүнээ хөдөө, 24 хүнээ нийслэлд “сойно”. Сонгуулийн “газрын зураг” өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэр дэвшигчид эхнээсээ тодорхой болж байна. Гэвч горилогчид зуу, зуугаараа. Харин мандат ердөө 76. Нуулгүй хэлэхэд, өнгөрсөн дөрвөн жил тойргоо “тордсон” хүмүүс архаг улстөрчдөдөө мандатаа алдах аргагүй байдал аль, аль намд үүсчээ. Эрх баригч МАН дотор хамгийн их хөдөлгөөн өрнөж байгаа бөгөөд, энэ нь сонгуулийн “газрын зураг”-ийг зурахаас өмнө дотооддоо тохирчихсон байсан хэрэг аж. Юуны өмнө өнөөгийн сонгогчдын зан байдал, намын гишүүдийн дотоод уур амьсгал, парламентын фракц хоорондын ашиг сонирхол гэсэн хүчин зүйлүүдийг тооцон үзсэнээр тойргийн мандатаа зурах ажлыг хийсэн байж таарна. Дээрээс нь аймагт тойргийн тоог нэмэхгүй бол нэр дэвших сонирхолтой хүмүүсээ шингээж чадаагүйгээс сонгуулийн үеэр гомдолтой хэсэг нь ажиллахгүй байх явдал эрх баригчдад гарна. Жишээ нь нэг мандаттай Говь-Алтай аймагт 2020 оны сонгуулиар нэр дэвших сонирхлоо ил далд илэрхийлж буй 25-аас дээш тооны хүн байсныг намынхан нь хэлдэг. МАН-ын генсек Д.Амарбаясгалан Говь-Алтайн мандат дээр дэвшлээ гэхэд 20 гаруй горилогчийг гомдоосноор ялах магадлал багасаад ирэх учраас ядаж нэгээр нэмсэн нь тэр. Хоёрдугаарт, мажоритар тогтолцоо нь намын нэр хүнд унасан эсэхээс үл шалтгаалж тухайн нэр дэвшигч нь сайн харизмтай байх эсвэл хөрөнгө гаргаж сонгогчдыг худалдан авах санхүүгийн чадавхтай бол сонгогдох магадлалыг нэмэгдүүлдэг. МАН-ын нэр хүнд навс унаж, сонгогчид У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хэчнээн харааж байвч тухайн гишүүн өөрийн тойрог дээрээ төсвөөс хөрөнгө оруулалт татсан, өөрөө ч тогтмол ажилласан харилцааны ур чадвартай бол сонгогдох магадлал өндөр болоод ирэх юм. Иймээс өнгөрсөн хугацаанд МАН-ын 64 бараг бүгд тойргийн хөрөнгө оруулалт дээр зодолдсон. Одоо гол хэсэгтээ оръё. МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь бүлгийн хурал дээр орж ирээд, ирэх сонгуульд нэр дэвшүүлэх зарчмаа хэлсэн байна. Ялагдсан намын эрх мэдэл УИХ дахь бүлэгт нь байдаг бол ялсан намын Удирдах зөвлөл гол шийдвэрийг гаргадаг бичигдээгүй хуультай. Хэвлэлд гарсанчлан нэр дэвшигчээс дэнчингийн мөнгө авахгүй, сонгогчдын дэмжих магадлалтай хүнийг нэр дэвшүүлэх тухай өнгөц мэдээллээс илүү зүйл тэр хурал дээр яригджээ.

Тэр тусмаа хэнийг дэвшүүлж, үлдээхээ ч нэр зааж байгаад хэлснийг эх сурвалж өгүүлэв. Тэрбээр хамгийн түрүүнд өөрийн найз нараас эхэлсэн бөгөөд Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарыг дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. “Би найз нараасаа эхэлмээр байна. Энхбаяраа, Содоо та хоёрыг дэвшүүлэхгүй шүү, ЖДҮ-тэй нэр холбогдож намын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэдэг утгаар би та хоёроос эхэлж байна” гэж хэлсний хариуд ямар нэгэн үг, үйлдэл хоёр гишүүнээс гараагүй байна. Эндээс харахад бүлгийн хурал дээр өрнөх сценарийг тэд урьдчилан бичсэн байх магадлалтай. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатарын мандат дээр Д.Лүндээжанцан очиж, буцаад Өвөрхангайгаас нэр дэвшихээр тохиролцсон аж. Өвөрхангай Лүндээгийн хувьд бараг өмчилж авсан тойрог нь байсан. Харин 2016 оны сонгуулиар нийслэлийн Баянгол дүүрэгт Ардчилсан намын дарга З.Энхболдтой тулж, ялалт байгуулаад байв. Тэгвэл ирэх зургадугаар сард мань хоёр бууриа сэлгэж, Өвөрхангайд дахин тулах нь тодорхой болж байна. Үүний дараа танхимынхаа сайд нарыг нэрлэсэн нь Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар... нарт мөн мандат олгохгүй гэсэн санааг илэрхийлсэн байна. Учир нь тус намаас хийлгэсэн урьдчилсан судалгааны дүнгээс харахад Засгийн газрын гишүүдийн рейтинг нэлээн доогуур гарсантай холбоотой аж. Харин үүний дараа МАН-ын бүлэг дотор 32-ын бүлэглэл рүү орсон нь Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа, Ж.Мөнхбат... зэрэг гишүүнийг мөн ирэх сонгуульд өнж гэсэн утгатай үг хэлснийг эх сурвалж хэллээ. Мэдээж намын даргын бодлого зарим гишүүнд таалагдаагүй тул санал зөрөлдөж, байдал бишидвэл бие дааж орно гэдгээ хэлсэн хүн ч бий аж. Энэ тохиолдолд эрх баригч намд ашиггүй. Яагаад гэвэл тухайн тойрог дахь намын “хөл” тэндээс сонгогдсон гишүүнийх байдаг нь бас үнэн. Өөрөөр хэлбэл Дарханы МАН-ын хороо тэр чигээрээ Д.Хаянхярваагийн хүрээлэл. Энэ нь намаас дэвшүүлсэн хүний эсрэг орон нутгийн намын байгууллага ажиллах нөхцөлийг бүрдүүлэх сул талтай. Сөрөг хүчний хувьд сонгуулийн тогтолцооны савлагаа ихтэй, эрх баригчдад халтай хувилбар гэдэг утгаараа ашигтай өрөг юм. Харьцангуй шинэчлэгдэж нэр хүндээ сэргээж яваа улс төрийн намын хувьд ирэх 2020 оны сонгуульд үнэмлэхүй олонх болох амбицтай байгаа нь нууц биш. Үргэлж сонгогчдын ханаралт, нийгмийн уур амьсгалыг мэдэрч амьдардаг прагматик улс төр сонирхогчид, бизнесменүүд энэ нам руу хандаж буй хандлагаас бүр ч тод харагдана. Гэвч энэ нь Ардчилсан нам гарцаагүй гарна гэсэн үг огт биш бөгөөд мөн л хэнийг, хаана нэр дэвшүүлэхээс олон зүйл шалтгаална. Мажоритар сонгуулийн тогтолцоогоор сонгууль явж буй нөхцөлд Ардчилсан намд хэд хэдэн бэрхшээл тулгарна. Ардчилагчдын тойрогт хамааралтай мэт харагддаг ИЗНН, БНН, ИХН зэрэг үй олон жижиг намуудын нэр дэвшигчид, нэр дэвших боломжгүй болмогцоо жижиг намуудаас нэр дэвшсэн хуучин ардчиллын хаягтай олон гомдогсод, бие даагчид бүгд үндсэндээ ардчилсан намын саналыг хувааж ирсэн. Учир нь МАН-ын дэмжигчид хатуу, зохион байгуулалттай байдаг бол Ардчилсан намын дэмжигчдийн дунд хөвөгч сонгогч өндөр хувь эзэлдэг. Энэ тохиолдолд МАН ирэх сонгуулиар тэдгээр олон нэр дэвшигч, жижиг нам эвслүүдийг санхүүжүүлж Ардчилсан намын эсрэг блок үүсгэх магадлалтай юм. Харин сонгуулийн тойрог тойроод болж буй үйл явдал, улстөрчдийн дунд өрнөж байгаа яриа хөөрөө, наймаа тохиролцоог харахад энэ удаагийн сонгуулийн гал гарсан “зодоон” нийслэлд өрнөхөөр байна. Мандат цөөнийг ч хэлэх үү. Учир нь сонгуульд өрсөлдөх сонирхолтой жижиг намууд ихэнхдээ нийслэл болон Орхон, Дарханд хүмүүсээ сойхоор төлөвлөж буй. УИХ-ын сонгуульд өрсөлдөх нийт нэр дэвшигчийн дийлэнх нь хотын тойргуудыг онилж буй нь тодорхой. Намууд хөдөөд нэр дэвшигчээ “сойх” сонирхолгүй байдаг нь ч учиртай. Нэгдүгээрт “хөл” ч үгүй, дэмжлэг ч байхгүй болохоор хөдөөнөөс жижиг намууд гарч ирнэ гэж хэлэхэд хэцүү юм.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ