Улсын хилээс 195-210-км-т ӨМӨЗО-ны хотуудад дөрвөн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Улсын хилээс 195-210-км-т ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн төв Линхэ хотод 2, Үеэн хотод 2 хүн, нийт 4 хүн коронавирусын халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Мөн Баяннуур аймгийн Халиун хотод хоёр хүн халдвар авсан байж болзошгүй мэдээлэл ирсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт” хилийн боомтод жиллах үеэр үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай гар ариутгах бодис, нэг удаагийн амны хаалт болон бээлий, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг аймгийн нөөц сангаас бүрдүүлсэн ч 2-3 хоногийн нөөцтэй байгаа талаар мэдээлэл өгсөн байна.

Тиймээс шаардлагатай тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, яаралтай тусламжийн эмийн нөөц, тусламж үйлчилгээ үзүүлэх автомашинаар хангах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг”-ээс хүсжээ.

Гашуунсухайт боомтоор орох чиглэлд нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 05-ны хооронд нийт 2615 Монгол иргэн, 36 БНХАУ-ын иргэн, 1432 тээврийн хэрэгслийг хорио цээрийн дэглэмийн дагуу хяналт, шалгалтад оруулж, улсын хилээр нэвтрүүлсэн.

Мөн Цагаанхаднаас хилийн боомт хүртэл сайжруулсан болон засмал зам дагуу оочир дараалал үүсгэж, бөөгнөрсөн нүүрс тээврийн автомашинуудыг Цагаан хад дахь гаалийн хяналтын талбай болон нүүрс тээвэрлэлт эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зогсоон байрлуулах асуудлыг орон нутгийн болон хилийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.