Авлига, албан тушаалын гэмт хэргийн бүрдэлт дутуугаас прокурорт буцаж байгаа гэв

  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнхэд нь авлига өгсөн гэм буруугийн шийтгэл оногдуулжээ
  • Зөрчлийн хэрэг 36 хувиар өсөж, иргэний хэрэг 11.1 хувиар буурсныг онцлов

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс (ШЕЗ) өнгөрсөн онд шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдийн талаар тоон мэдээлэл өгөв. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах “Монгол Улсын шүүх 2019 онд 505 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр 86.9 мянган хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн. Тодруулбал, анхан шатны шүүхээс эрүүгийн 13.4 мянга, иргэний 43.3 мянга, захиргааны 1.7 мянга, зөрчлийн 18.3 мянган хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн” гэв. Мөн тэрбээр Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 36 хувиар өсөж, иргэний хэрэг 11.1 хувиар буурсныг онцлов.

Харин Давж заалдах шатны шүүх 2019 онд 7147 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэснээс дийлэнх нь эрүү, иргэний хэрэг байгаа бол Хяналтын шатны шүүх эрүүгийн 927, иргэний 1332, захиргааны 608 хэргийг хянан шийдвэрлэсэн аж. ШЕЗ-өөс гаргасан судалгаагаар өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 16.5 мянган иргэн, 395 ААН хохирч, 545 хүн амь насаа алдсан байна. Мөн эдгээр иргэн, байгууллагад 46 тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учиржээ. Харин шүүхээр шийдвэрлэсэн авлига, албан тушаалын гэмт хэрэгт шийтгүүлсэн хүмүүсийн 24 нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 28 нь хахууль авсан, 51 нь авлига өгсөн зүйл ангиар ял сонсжээ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчид шүүхийн байгууллага, шүүгчидтэй холбоотой зарим асуудлаар хариулт авсан юм.

-Улсын Дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн дутуугаас хэрэг шийдвэрлэх ажиллагаа хүлээгдэж чирэгдэл учруулж байгаа тухай иргэдийн гомдолд ямар тайлбар хийх вэ?

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах:

-Иргэний хэргийн танхим найман шүүгчтэй ажиллахаас гурван шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн. Ингэснээр хэрэг шийдвэрлэх ажиллагаанд ачаалал үүссэн. Харин Ерөнхийлөгч өнгөрсөн сард зарлиг гаргаж гурван шүүгчийн эрхийг сэргээсэн. Тиймээс цаашид ачаалал буурах байх.

-Шүүхээр шийдвэрлэсэн авлига, албан тушаалын гэмт хэргийн тоо бага байгааг олон нийт шүүмжилж байна. Өнгөрсөн онд хэдэн хэрэг эцэслэн шийдвэрлэсэн бэ?

Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг:

-Анхан шатны шүүх 220 хүнд холбогдох 88 авлигын хэргийг хүлээн авч 47 хэрэг буюу 53.4 хувийг хянан шийдвэрлэсэн. Үлдсэн 41 хэргийг прокурорт буцааж, хэрэгсэхгүй болгосон.

-АТГ-ынхан шүүхийн шатанд хэргийг буцаах, хэрэгсэхгүй болгодог гэж шүүмжилсэн. Прокурорт буцаасан, хэрэгсэхгүй болгосон хичнээн хэрэг байгаа вэ?
-Хүлээн авсан нийт хэргээс 43 хүнд холбогдох 20 хэргийг прокурорт буцааж, найман хүн холбогдсон гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, нэг хэргийг түдгэлзүүлсэн, 46 хүнд холбогдох 17 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн 122 хүнд холбогдох 47 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

-Авлига авсан гэх шүүгчидтэй холбоотой хэргийг аль шатанд хянаж байгаа вэ?
-Шүүгчидтэй холбоотой гэмт хэрэг Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд очсон. Эцэслэн шийдээгүй учраас бидэнд ирсэн мэдээлэл алга.

-Иргэн Г.Буяндорж Ерөнхийлөгчид хандахдаа шүүхээс намайг цагаатгасан учраас шүүгчдээс хохирлоо нэхэмжилнэ гэсэн. Шүүхээс түүнийг цагаатгасан юм уу?
-Анхан шатны шүүхээс иргэн Г.Буяндоржийг цагаатгасан шийдвэр гаргасан мэдээлэл ирээгүй.