Титэм вирусийн сэжигтэй 12 хүнийг Гашуунсухайт боомтод тусгаарлажээ


МХЕГ-ын мэдээллээр нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-ны хооронд 86 сэжигтэй тохиолдол илрүүлсэн байна. Үүний 66 тохиолдол нь Буянт Ухаа, тав нь Замын-Үүд, гурван сэжигтэй тохиолдлыг Хавиргын боомтоор нэвтрэсэн иргэнээс илрүүлсэн байна.

Харин өчигдөр /2020.02.10/ 12 сэжигтэй тохиолдлыг Гашуунсухайт боомт дээр илрүүлж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-рүү явуулжээ. Эдгээр иргэний шинжилгээний сорьцыг хүлээн авч хариу гарсан даруйд мэдээлэх аж.

Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллээр 26 боомтын хамгийн ачаалалтай байгаа нь Замын-Үүд болон Буянт-Ухаа боомт байна. ОХУ-д  хоёр тохиолдол илэрсэн тул Алтанбулаг боомтоор Оросоос орж ирж байгаа болон Орос руу явж байгаа иргэдэд тавих хяналтыг чангатгажээ.

Монгол Улсын иргэдийг БНХАУ руу дипломат болон эрүүл мэндийн шалтгаанаар явахыг зөвшөөрч байгаа ч эрсдэл өндөр байгааг бодолцож зайлшгүй шаардлагатай биш бол аль болохоор тус улсад зорчихгүй байхыг зөвлөж байна.