Шуурганд төөрсөн дөрвөн хүү нүх ухан унтаж, амьд гарчээ

Цасан шуурганд төөрсөн дөрвөн хүү нүх ухан унтаж, амьд гарчээ

Долоон настай Этан Камилле болон түүний үеэл, дүү нар болох 14 настай Кристофер Жонсон, найман настай Фрэнк Жонсон, хоёр настай Трей Камилле нар өнгөрсөн долоо хоногт Аляскад төөрсөн байна. Хүүхдүүдийг Аляскын баруун хэсгийн Нунам Икуа тосгоноос 32 км зайтай газраас олоход нэг хоног зарцуулжээ. Өөрөөр хэлбэл хүүхдүүд цасан шуургатай бүтэн шөнийг өөрсдөө давсан гэсэн үг.

Аляскын эмнэлгийн орон дээрээс Этан амьд гарахын тулд бүгд хичээсэн талаар дурсан ярьжээ. Мөн түүний ээжийн хэлснээр хөвгүүд хоёр настай дүүгээ хамгаалахад хамаг анхаарлаа хандуулсан аж.

Харин Этан "Эхлээд бид гэртээ харих замыг хайсан. Маш их даарч байсан. Дараа нь бид арга мухардсандаа нүх ухаад, тэндээ унтацгаасан" хэмээн дурсчээ.

Этаны хуруунууд хөлдсөн бөгөөд өдгөө эмчлүүлж байгаа аж.

Этаны ээж Ирэнэ Камиллегийн ярьснаар Кристофер хоёр настай дүүгээ тэвэрч байх зуур Этан нүх ухаж, дүүдээ нөмөртэй газар гаргаж өгсөн байна. Хөвгүүд эцсээ хүртэл дүүгээ аврахыг л хүсч байжээ. Тэд зөвхөн хоёрхон настай дүүгээ амьд үлдээхийн тулд өөрсдийн эрүүл мэнд, амь насыг золиход бэлэн байж.

Хөвгүүд зузаан хувцастай  ч цасан шуурга болж байсан учир нөхцөл маш хүнд байжээ. Хөвгүүдийг эсэн мэнд олоход хүмүүс хөөр баяраар дүүрч, орилолдон, алга ташиж байсан гэнэ.

Этан Аляскын үндэсний эрүүл мэндийн төвд, харин Кристофер Аляскын  өөр нэгэн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж, Фрэнк, Трей хоёр гэртээ харьсан гэнэ.

Этаны ээж хүүгээ сахиж байгаа бөгөөд түүнийг эсэн мэнд олдсонд өөртөө итгэж ядан шөнө хэд хэдэн удаа сэрж,  байгаа эсэхийг хардаг болсон гэнэ. Тэрбээр "Тэд бол миний хайртай хөвгүүд. Хэний ч хүү тэдний үзсэн тэр шөнийг бүү үзээсэй" хэмээн ярьжээ.

Харин Этан эсэн мэнд, эмчилгээгээ хийлгэн эмнэлгийн орон дээрээ Теди бамбарууш болон төмөр хүнээрээ тоглон сууж байна.