Ч.Ганхуяг: Т.Аюурсайхан бол түр зуурын үзэгдэл

"Монгол шуудан" компанийн хувьчлалын асуудлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан цахим хуудсаараа  хууль бус хувьчлал болсон хэмээн мэдэгдэв. Энэ мэдэгдлийн хариуд "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг мэдээлэл хийв.

"Т.Аюурсайхан цахим хуудсаараа дамжуулж Монгол шуудан компанийн талаар мэдээлэл гаргажээ. Энэ хүн жирийн нэгэн иргэн биш УИХ-ын гишүүн хүн атлаа ийм хариуцлагагүй мэдээлэл хийсэн нь харамсалтай байна. Монголын хөрөнгийн биржийн топ 20 аж ахуйн нэгжид манай таван компани байдаг учир эргэлзээтэй, худал мэдээлэл гарсан даруйд шуурхай тайлбар хийх шаардлагатай байдаг учир бид мэдээлэл хийж байгаа юм. 

Т.Аюурсайхан төрийн түшээ хүн учир хэлж байгаа үгээ цэгнэж, бизнесийн салбар түүнчлэн огт мэдэхгүй зүйлийнхээ талаар ийм хариуцлагагүй зүйл ярихгүй байхыг сануулмаар байна. "Монгол шуудан"-гийн хувьчлал 2015 оны 12-р сард тухайн үеийн УИХ-аар хэлэлцэж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэрэгжүүлсэн. Энд ямар нэгэн хууль бус , хуудуутай зүйл болоогүй. Хувьчлалыг нэг сарын дараа дүгнэсэн. Би энэ ажилд олон нийтийг уриалан дуудаж, нээлттэйгээр гүйцэтгэсэн ажил. Үүнийг хийж чадсандаа баярладаг. Бид энэ компанийн ажилд оролцоод шууд ашигтай ажилласан. Учир нь 7.2 тэрбум төгрөгийг нь 15 хувийн хүүтэй хадгаламжид хийсэн. Монгол шуудангийн түүхэнд анх удаа 2017 онд ашгаа зарласан. Өмнөх жил нь 95 сая төгрөгийн ашигтай байсан бол 2019 онд 1.2 тэрбумын ашигтай  ажилласнаа 2020 оны II сард  зарласан.

Бид "Монгол шуудан"-гийн 31 хувийг  эзэмшдэг. Төрийн эзэмшилд 66 хувь нь байгаа. Бидний хийсэн ажил, хөрөнгө оруулалтын талаар  тогтмол тайлан  гаргаж, олон нийтэд нуух зүйлгүй мэдээлдэг. Ажилчдынхаа цалинг байнга нэмж, таатай ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг. Хийсэн ажлын тайланг та бүхэн харж байна. Олон улсын хооронд шуудангийн үйлчилгээг өргөжүүлэх ажлыг эхэлсэн. Тухайлбал манай ноолууран бүтээгдэхүүнийг гадаадын иргэд шуудангаар захиалж авах боломжтой болсон. Компанийн орлогын өсөлт байнга нэмэгдсэн. Шуудангийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй, олон улсын жишигт хүргэхийн төлөө хэрхэн ажилласан тухай тайланг та бүхэн үзэж танилцаарай.

Төрийн компаниудад ямар үйл ажиллагаа явагддаг гэхээр төрийн түшээ, эрх мэдэлтний танил тал, шахааны бизнес явагддаг. Үүнийг эсэргүүцэж, олон нийтэд боломж олгооч гэж тэмцсэний төлөө төрийн түшээ Т.Аюурсайхан эсрэг талд ажиллаж, төрийн өмчөө хамгаалдаг дүр үзүүлж, бизнес рүү шууд халдаж байгааг бид эсэргүүцэж байна. Бид өнөөдөр мэдэгдэл гаргана. УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлаар бүх байгууллагад мэдэгдэл хүргэж, хатуу тэмцэнэ " гэв.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гэнэт яагаад ийм мэдэгдэл хийх болов. Цаана ямар эрх ашгийн сонирхол байгаа юм бол. Та энэ талаар мэдээлэл байна уу?

-Энэ асуултыг Т.Аюурсайханаас асуувал дээр байх. Ер нь бол тэр хүн гурван жилийн өмнөөс эсэргүүцэж эхэлсэн. МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлахгүй, болохгүй гэсэн байр суурьтай байсан. МИАТ гэх мэт төрийн өмчит компаниуд ашигггүй ажиллавал хувьчлахгүй гэж зүтгэсэн Т.Аюурсайхан хариуцлага хүлээх үү. Т.Аюурсайхан түр зуурын үзэгдэл. Сонгогдвол ажлаа хийнэ, сонгохгүй бол гудамжиндаа л цүнхээ бариад алхах хүн. Төр, төрийн өмч гэдэг дөрвөн жилийн цикльтэй дамжин өнгөрөгч нарын мэдэлд байх ёстой юу. Аль эсвэл төр хувийн хэвшил хамтарсан нээлттэй компани байх нь зүйтэй юу. Адаглаад л тайлангаа үнэн зөв гаргачихдаг, ашиг орлогоо үнэн зөвөөр олон ийтэд үзүүлдэг байх ёстой.

Мэдэхгүй зүйл рүүгээ дур мэдэн халдаж, эх оронч дүр үзүүлж байгаад дахин сонгогдох гэж бодож байгаа бол гонжийн жоо гэж хэлье.