Японд коронавирусийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

Японд коронавирусийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай өчигдөр орой зарлажээ.

Нас барсан хүн нь Канагава мужийн оршин суугч, 80 гаруй насны эмэгтэй байсныг Японы эрүүл мэндийн сайд Кацунобу Като мэдээлсэн байна. Уг эмэгтэй нэгдүгээр сарын 22-нд өвдөж эхлээд хоёрдугаар сарын 1-нд уушгины үрэвсэлтэй хэмээн оношлогджээ. Халдвар авсан байсныг нь нас барсных нь дараа баталгаажуулсан байна. Тархалтын голомт болох Хятадын Ухань хот руу зорчоогүй, мөн Хятадаас ирсэн хүнтэй харилцсан түүхгүй өвчтөн байсан гэдгийг онцолж байна.

Түүний хүргэн мөн Covid-19-өөр өвчилснийг өчигдөр оношилжээ. Эрүүл мэндийн яамнаас түүний явсан замуудыг тодорхойлохоор ажиллаж байна. Тэрбээр шинж тэмдэг илэрснээс хойш ажлаа хийлгүй гэртээ байсан аж. Өвчтөн Хятадын Хубэй мужид очиж байгаагүй бөгөөд сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд таксины жолооч хийж байхдаа гадаад хүмүүст үйлчлээгүй гэнэ.

Ийнхүү Япон улсад коронавирусийн халдварын нийт 251 тохиолдол бүртгэгдлээ. Ёкохама хотын боомтын ойролцоо хөл хорионд орсон “Diamond Princess” аяллын хөлөгт 218 хүн халдвар аваад байгаа юм.

Эх сурвалж: NHK