Г.Чойжамц: Бид битүүний хурлыг хурдгаараа хурна, ард түмэн ирэх гээд хэрэггүй биз дээ

Гандантэгчэнлин хийдээс сар шинийн хурал ном хэрхэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж байна.

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Г.Чойжамц, 17-р жарны төмөр хулгана жил гарч байна. Энэ жил сайхан жил гарах зурхайн зурлага байна. Цагаан сарыг монголчууд 1000 жилийн өмнөөс тэмдэглэж иржээ.





Цагаан сарын бэлэгдэлтэй сайхан өдөр эв нэгдэлтэй, элбэг хангалуун байвал бүтэн жилийн турш сайн сайхан явахын үндэс гэж үздэг.Залуучуудад хатуу, нялхаст анхаарах ёстой жил гэж зурхайд буусан. Нийгмийн хувьд дээдсүүдэд ширүүн, дунд талын хүмүүст бүр ширүүн гэж буусан байна. Шүтлэгтэй хүн байвал хууль номыг сахиж, ажил хөдөлмөрөө явуулахыг захимаар байна. Энэ бол зурхайн магадлал юм. Өөрийгөө захирч, сайн сайхан руу тэмүүлж яваа хүнд нэг их мэдэгдэхгүй. Харин будилж яваа хүн бол анхаармаар зүйл байдаг. 

Монголчуудын 1000 жил тэмдэглэж ирсэн цагаан сар цуцална гэж хэлэх нь хүмүүст эвгүй сонсогдож байгаа юм. Арай өөр үгээр хэлэхгүй дээ гэж бодож байгаа юм. Гүрэм ном унших, сахиус утлага хийх нь лам нар бидний ажил. Үрэл утлага хийж тараах, гандан хийддээ ном уншлага хийх зэргээр арга хэмжээ хийж байна. Гандан хийд 13-14 салбартай, бүх салбараараа ханиад томууны эсрэг ном гүрмийг бумаар нь уншиж байна. Энэ бол шашны ажил. 

Жилийн засал хийлгэх гэж энэ халдварын үед заавал гандан хийдээр явах хэрэггүй, халдварын дараа бид тусгай лам нар гарган жилийн засал хийх ажлыг зохион байгуулна. Битүүний уламжлалт хурлаа хурна. Өвчин халдвар гарсан энэ үед ард түмэн заавал ирэх гээд хэрэггүй биз дээ.