Сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэхийг баасан гаригт шийдэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна.


Тэрбээр “АШУҮИС-ийн дэргэдэх Монгол, Японы эмнэлгийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ярилаа.

Сүүлийн өдрүүдэд энэ эмнэлгийг хувьчлах гэж байна гэсэн буруу мэдээлэл их цацагдлаа. Өнөөдрөөс манай яамны харьяанд шилжиж ирж байгаа учраас ажлын хэсэг гаргана. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Зарим нэг тоног төхөөрөмж дутагдалтай байгааг Сангийн яам шийдвэрлэнэ. Цаашдаа асуудал гарахгүй.

Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн дүрс оношилгоо, дуран, амбулатори, уламжлалт анагаах ухааны лабораториуд  ажиллаж байгаа. Хүчин чадлаар нь ашиглах 14 тэрбумын асуудлыг Дэлхийн банк шийдсэн байна" гэлээ.

Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлын БСШУСЯ судалж байгаа аж. Эрүүл мэндийн яам, нийслэл, орон нутгийн сургуулиудаас саналыг нь сонсч улмаар энэ Баасан гариг/2020.03.20/-т Улсын онцгой комиссын хуралдаанд оруулах юм байна.

Түүнчлэн төгсөх ангийнханд зориулж, ЭЕШ-ын болон одоо телевизээр гаргаж буй теле хичээлүүдийг СD-нд хуулж өгөх юм байна.