Тусгай үүргийн гурван удаагийн нислэгээр 731 иргэнээ авч ирлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЗТХЯ-наас өгсөн мэдээллийг хүргэж байна.

Зам тээврийн салбар 24 мянган ажилтан, албан хаагчтайгаас 16 мянга нь албан ажлынхаа хажуугаар COVID-19 халдвараас сэргийлэх чиглэлээр тусгай горимоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Алтанбулаг, Сүхбаатар, Замын-Үүд, Бичигтийн боомтод авто тээврийн хяналтын улсын байцаагч нар, тээвэр зохицуулагчид ажиллаж байна.

Төмөр замын эмнэлгийн Тандалт судалгааны баг, эмч сувилагчид, галт тэрэгний үйлчилгээний баг, иргэний нисэхийн бүрэлдэхүүн өндөр хариуцлагатайгаар ажиллаж байна.

УОК-ын шийдвэрийн дагуу тусгай үүргийн гурван удаагийн нислэгийг МИАТ компани гүйцэтгэж, нийт 731 иргэнийг эх орондоо авчирлаа.  Энэ үйл ажиллагаанд оролцсон үйлчилгээний ажилтнууд болох 40-50 албан хаагч 14 хоногоор тусгаарлагдсан.

Истанбул-УБ-ын чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө 06.00 цагт хөөрсөн. 19-ний 01.00 цагт Чингис хаан нисэх буудалд газардахаар төлөвлөсөн. 250 гаруй иргэн ирэх мэдээтэй байна.

Гуравдугаар сарын 16-наас хот хоорондын тээвэр, суудлын галт тэрэг ажиллаж эхэлсэн. Баян-Өлгий аймгаас бусад хот хоорондын тээвэр болон нислэгүүд хэвийн ажиллаж эхэллээ гэв.