Цэцэрлэг, сургуулийн хөл хориог сунгах эсэхийг УОК өнөөдөр шийднэ

Улсын Онцгой комисс 14:00 цагаас хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар их, дээд, дунд сургууль, коллеж, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг хаасныг сунгах эсэх талаар болон бусад асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргана. 

Улсын Онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийн өмчийн байдал үл харгалзан гуравдугаар сарын 29-нийг хүртэл хаах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 30-ны даваа гарагаас эхлэн сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. 

Өнгөрсөн лхагва гарагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Эрүүл мэндийн яамтай хамтран энэ хугацааг сунгах эсэх саналаа боловсруулж Улсын Онцгой комисст танилцуулахаа мэдэгдсэн. 

Харин Эрүүл мэндийн яамнаас гадаад улс орнууд хорио цээрийн дэглэмээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хөл хориог сунгах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.