Япон улс олимпын наадмыг нэг жилээр хойшлуулахад бэлэн байна

Япон Токиогийн Олимпын их наадмыг дээд тал нь нэг жилээр хойшлуулахад бэлэн байгаа тухай Японы “Санкэй” сонин мягмар гарагт Засгийн газрын эх сурвалжийг дурдан мэдээлжээ. 2022 онд Бээжинд өвлийн Олимпын их наадам болох учир хоёр жилээр сунгахад асуудалтай тул Олимпын наадмын товыг нэг жилээс илүүгүй хугацаагаар сунгах боломжтой гэж зохион байгуулагч тал үзэж байна.

Өнөөдөр Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахтай утсаар ярьж, Олимпын наадмын хувь заяатай холбоотой асуудлыг ярилцахаар төлөвлөж байна. NHK телевизийн мэдээлснээр, Японы талаас Абэ Шинзогоос гадна Токиогийн амбан захирагч Юрико Коикэ, “Токио-2020” зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори нар оролцож, Олимпын наадмыг хойшлуулах, шинэ товын талаар ярилцах гэнэ.

Токиогийн Олимпын их наадам энэ оны долоодугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ний хооронд явуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн ням гарагт ОУОХ-ны тэргүүн Томас Бах ОУОХ дөрвөн долоо хоногт багтаан Олимпын наадмыг тогтсон хугацаанд явуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж мэдэгдэж байв. Даваа гарагт Канадын Үндэсний олимпын хороо хамгийн түрүүнд Токио руу тамирчдаа илгээхээс татгалзсан юм.