Б.Хаш-Эрдэнэ: Зөв шийдвэр гаргаж, дорвитой ажил хийх шаардлагатай байна

    "COVID-19" халдварын улмаас Монголын нийт аж ахуйн нэгжийн 38 хувь нь цомхотгол хийж эхэлсэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 94 мянга орчим ажилчдын ажлын байрыг хадгалж үлдэхэд хэцүү болж буй талаар Улаанбаатар хотын Худалдааны танхим болон бусад байгууллагаас мэдээлэл хийлээ.

    Тэд “Эдийн засгийн хүндрэлийг давж, иргэдийн амьжиргааг бууруулахаас сэргийлэхийн тулд Засгийн газрын зүгээс цогц шийдвэртэй арга хэмжээг авах ёстой. Үгүй бол ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж, ядуурал 50 хувьд хүрнэ” гэдгийг хэллээ.

    Б.Хаш-Эрдэнэ: Эрүүл мэндийн асуудлын хажуугаар эдийн засгаа анхаарч, арга хэмжээ аваасай

    -Улаанбаатар Хотын Худалдааны танхмийн Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: Бид бусад холбоодтой хамтраад Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Сангийн сайдад мэдээллээ явуулсан байгаа. Эрүүл мэндийн асуудал маш чухал. Татвар төлөгчдийн мөнгөөр эрүүл мэндийн салбар санхүүждэг. 2020 он гарснаас хойш улсын төсвийн татварын орлого буурсан байна. Цаашдаа ч буурна. Зарим төрлийн салбарын бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа зогсоосон. Зарим нь үйл ажиллагаа нь хумигдсан байна. Үүнээс болж орлого буурч эхнээсээ ажилчдаа цомхотгож, цалингүй чөлөө олгож эхэлсэн. Ингэснээр хувийн хэвшилд ажилладаг нэг сая орчим иргэдийн ажлын байр баталгаагүй боллоо. Тэр хүмүүсийн ард хэчнээн өрх байгаа билээ. Энэ чигээрээ явбал өрхийн амьжиргаа буурна, эдийн засгийн идэвхжил буурна, эргээд хувийн хэвшлийнхэн ажлын байраа цомхотгож, зарим нь дампуурна. Ингээд эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлж буй төсвийн орлого буурна гэсэн үг. Санхүүжилт олгоход маш хүнд болно. Тиймээс эрүүл мэндийн асуудлын хажуугаар эдийн засгаа анхаарч, арга хэмжээ аваасай. Сая банкны зах зээлийг золиосолчихлоо. Одоо хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийг золиосолж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хүндрэлтэй байдлыг та нар өөрсдөө даваад гар, бид нар ямар ч үүрэг хүлээхгүй гэсэн байдал гаргаж байна.

    А.Энхцэцэг: Дотоодын үйлдвэрээ хөгжүүлэх алтан боломж гарч байна

    -Үндэсний аж үйлдвэрлэлийн зөвлөлийн ажлын албаны дарга А.Энхцэцэг: Төсвийн ерөнхийлөн захирагчид, хуваарилж буй хүмүүс хариуцлагагүйгээр, үр ашиггүй шамшигдуулж байна. Үндэсний аж үйлдвэрлэлийн зөвлөлөөс тендерийн үнэлгээний хороодуудад гишүүдээ байршуулаад худалдан авалтыг яаж хийж байгаа вэ гэдэг дээр арга хэмжээ авч, дүгнэлт хийсэн. Үүнээс харахад доод шатанд хууль хэрэгждэггүй юм байна. Үндэсний үйлдвэрүүдийг хөгжүүлье, чанар стандартын шаардлага хангасан барааг шууд худалдан ав гэдэг хуулийн өөрчлөлт ЖДҮ-ийн хуульд орж, тендерийн хуульд суусан. Гэтэл нэг ч худалдан авалт хийхгүйгээр тендер зарлаад явж байна. Коронавирусээс болж дэлхий нийтээрээ хямарч, олон үйлдвэр зогсож байна. Гэхдээ энэ манай улсын хувьд дотоодын үйлдвэрээ хөгжүүлэх алтан боломж. Монгол Улсын төр 1.2-1.5 их наяд төгрөгийн бараа худалдан авдаг. Үүнээс 3-5 хувийг дотоодын үйлдвэрээс худалдан авсан байна. Дотоодын бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангасан байвал төр нь шууд худалдаж авах зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй байна.

    Б.Батдэлгэр: ЖДҮ эрхлэгчид мөнгөгүй болж, өрнөөс өрний хооронд байна

    -Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр: Хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн ажлын байрыг авч үлдэхийн тулд төр засгаас арга хэмжээ авахгүй байна. Хорио дэглэм анх тавигдахад удахгүй байх, гайгүй байх гээд ажилчиддаа чөлөө өгч, түр үйлдвэрлэлээ зогсоосон боловч энэ байдал удаж эхэлсэн учраас ажлын байраа цомхотгоход хүрлээ. Арай ядан үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ эрхлэгчид мөнгөгүй болж, өрнөөс өрний хооронд байна. Иргэдийн орлого буурсан учир бэлэн мөнгөөр худалдан авалт хийхгүй, дандаа зээлээр, бартераар авч байна. Тиймээс эдийн засгаа эрүүлжүүлэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байна. УИХ-ын ээлжит чуулган заавал дөрөвдүгээр сарын таванд хуралдах биш наана нь хуралдаж, арга хэмжээ авах шаардлагатай. ЖДҮ-ийн санг мөнгөжүүлэх хэрэгтэй байна. Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс ажлаа сайн хийгээд байдаг. Гэтэл Сангийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам ажлаа хийхгүй, энэ ажлын байруудыг авч үлдэх талаар шийдвэр гаргахгүй байна гэлээ.

    Мөн Улаанбаатар Хотын Худалдааны Танхим Монгол улсын ДНБ-ий дийлэнх хувийг үйлдвэрлэгч хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих замаар эдийн засгийн хүндрэлээс зайлсхийх дараах 17 арга шийдлийг санал болголоо. Үүнд:

    1. Эрдэнэс Таван Толгой ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр бүртгүүлж, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх.

    2. Улсын төсвий 1.5 их наяд төгрөгийн “төсвийн багц” гарган энэ хөрөнгөөр дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх:

    -Эрдэнэс Таван Толгойн ХК-ий олон нийтэд тараах ноогдол ашгийг яаралтай тарааж эхлэх, Засгийн газрын эзэмшиж буй хувьцаанд ноогдох ноогдол ашиг болох 850 орчим тэрбум төгрөгийг хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд ажилчдын цалин олгоход нь зориулж нөхөн олговор эсвэл татаас болгон олгох.

    -Монгол улсын 2020 оны төсвийн хуулийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга, их засварын ажлын нийт өртгийг 25 хувь орчим буюу 154 орчим тэрбум орчим төгрөгийг дотоод үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зарцуулах.

    -Монгол Улсын Их хурлын 2008 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан бүтээгдэхүүн болон үүнд тусгагдсанаас бусад төрлийн дотоодын бараа бүтээгдэхүүний гурван сарын үйлдвэрлэлийн хэмжээний доод тал нь 50 хувийг Улсын нөөцийн тухай хуулийн 5.1.2 дугаар заалтын заалтын зориулалтаар худалдан авахад зориулж 500 тэрбум төгрөгийн багц гарган хялбаршуулсан журмаар ил тод худалдан авалт хийх.

    3. Дээрх төсвийн багцыг гарган хэрэгжүүлэх тусгай хороо байгуулан Ерөнхий сайдаар удирдуулан хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн тэнцүү тооны гурван талын төлөөлөлтэйгээр санхүүжилтийн шийдвэрийг гарган ажиллах.

    4. Зээлийн эргэн төлөлтийн хөнгөлөлт үзүүлсэн банк, санхүүгийн байгууллагуудад улсын төсвөөс дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх, эрсдэлийг нь хуваалцах аргуудыг хэрэгжүүлэх шийдвэр гаргах.

    5. Монголын Хөрөнгийн бирж дээр компаниудыг бонд гаргах хялбаршуулсан процессыг бий болгон, компаниудын гаргасан бонд, өрийн бичгийг засгийн газрын хөрөнгөөр худалдан авах багцыг Монголбанк, Засгийн газар хамтран бий болгох.

    6. Зээлийн батлан даалтын сангийн шалгуурыг багасгаж ЖДҮ эрхлэгчдэд гаргах батлан даалтын хэмжээг нэмэгдүүлэх

    7. Шинээр бизнес эрхэлж байгаа гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн шалгуурыг хөнгөлөх талаар нэгдсэн шийдэлд хүрч ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд хамруулах.

    8. 1991 оноос хойш хуримтлагдаад байгаа эзэн нь тодорхойгүй ногдол ашгийн мөнгөн үлдэгдлийг олон нийтэд нээлттэй зарлаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах.

    9. Монголбанкнаас компаниудад тавьсан хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог хязгаарласан заалт, шаардлагыг багасгах.

    10. Санхүүгийн Зохицуулах хорооноос даатгалын компаниудад тавьсан хөрөнгийн зах зээлд оролцох хязгаарыг сулруулах.

    11. Монголбанк, Монголын хөрөнгийн бирж болон хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд, төрийн бус бүх байгууллагаас тогтоосон үйлчилгээний шиймтгэл хураамжийг түр зогсоох.

    12. Сангийн яам, СЗХ, Монголбанк давхар даатгал, хөдөө аж ахуйн даатгал, хадгаламжийн даатгалын компаниудад хөрөнгийн зах зээл дээр нээлттэй ажиллах зөвшөөрлийг олгох.

    13. Төсвийн тодотгол хийж аж ахуй нэгжүүдийн төлөх аж ахуй нэгжийн орлогын албан татварын төлөлтийг 2020 оны дөрөвдүгээр улирал хүртэл хойшлуулах.

    14 Улсын Онцгой Комисс болон төрийн бусад байгууллагуудын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон сургалтын байгууллагууд, арга хэмжээ зохион байгуулдаг компаниуд зэрэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь бүрэн зогссон үед гарсан тогтмол зардал, цалин хөлсний зардал зэргийн тодорхой хувийг нөхөн олгох, эсвэл хүүгүй зээл олгох.

    15. 2020 оны дөрөвдүгээр улирал хүртэл аж ахуй нэгж байгууллагуудын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс бүрэн даах.

    16. Компанийн татвар ноогдох орлогоос хасагдах зардалд компанийн үйл ажиллагааны хүрээнд гаргасан бүх бодит зардлыг оруулдаг болгох. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийг хүчингүй болгох.

    17. Иргэдийн цалин хөлс, орлогоос суутгах хүн амын орлогын албан татварын суутгал, татвар төлөлтийг 2020 оны дөрөвдүгээр улирал хүртэл зогсоох.

    Эдгээр арга хэмжээг Орон нутгийн хөгжлийн сан, Ирээдүйн өв сангийн хөрөнгийн тодорхой хувь, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, Засгийн газрын нөөц сан, Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Төсвийн тогтворжуулалын сан зэрэг эх үүсвэрүүдээс санхүүжүүлж болох юм.