Д.Боролзой: Зөв бичих дүрэм өөрчлөгдөөгүй

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Хэл бичгийн ухааны доктор Д.Боролзойтой ярилцлаа.

Д.Боролзой: Зөв бичих дүрэм өөрчлөгдөөгүй


-Монголчууд бид бичиг үсэг тайлагдалтаараа дэлхийд дээгүүрт ордог ч өнөөдөр зөв бичих тал дээрээ нэлээн асуудал дагуулах боллоо. Тухайлбал, үнэ цэнэ гэхийг үнэ цэн, сармис – саримс гэж бичдэг болсон талаар хүмүүс хоорондоо цахим орчинд их маргалдаж байгаа нь анзаарагдаж байна. Зөв бичих дүрэмд өөрчлөлт оров уу эсвэл үнэхээр үнэ цэн, саримс гэж бичдэг байв уу?

-Юуны өмнө зөв бичих дүрэм өөрчлөгдөөгүй, бас цаашид ч өөрчлөгдөхгүй байх гэдгийг мэргэжлийн хүний хувьд шуудхан хэлчихье гэж бодож байна. Үнэ цэнэ, сармис гэх зэргээр бичдэг байснаа үнэ цэн, саримс гэж бичдэг болчихлоо, дүрэмд өөрчлөлт орчихов уу гэж та асуулаа, хүмүүс ч энэ талаар их маргалдаж байгаа харагдлаа.Үнэндээ бол зөв бичих дүрмийн толиуд харвал үнэ цэн, саримс гэх зэргээр огт өөрчлөгдөөгүй хуучин хэвээр л байгаа шүү.Тухайлбал, 1983 онд хэвлэгдсэн Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, уг толийг зарчмаа болгож 2018 онд бүтээсэн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” зэрэгт үнэ цэн, саримс л гэж байхаас үнэ цэнэ, сармис гэж бичнэ гэсэн зүйл алга. Яах вэ, ярианы хэлэнд үнэ цэнэ гэж дуудаад хэвшчихэж, үнэ гэдэг өмнөх үгтэйгээ хоршоо үг болоод дуудлагын хувьд ижилсчихэж л дээ. Тэр бүр заавал тэгэж дуудах ёстой гэж ярианы хэлийг журамлах нь нэг талаар төвөгтэй, нөгөө талаар шаардлагагүй ч гэж хэлж болно.

Ер нь дээрх маргаан гарах хэд хэдэн шалтгаан байдгаас хамгийн түгээмэл нь манайхан өөрсдөө буруу заалгаж, ном зохиолоос буруу бичлэгийг нь уншсаар байгаад нүдэнд дасал болсноороо өөрийнхөө зөв гэж бодчихоод жинхэнэ зөвийг нь хэлэхээр зөв бичих дүрэм өөрчиллөө гээд байх шиг.

Зөв бичих дүрэм өөрчлөгдөөгүй гэж та хэллээ. Гэхдээ тэртээ 1980-онд боловсрол эзэмшсэн 1990 он, 2000 онд боловсрол эзэмшсэн хүмүүс өөр өөрсдийнхөөрөө бичиж байна. Үүнтэй холбоотойгоор 1980-д оныхны суурь боловсрол үнэ цэнгүй болж байна гэж хүмүүс ярих болж?

Олон нийтийн бичиг үсгийн чадвар үнэхээр доройтсон бол олон л шалтгаан байгаа байх. Таны хэлсэнчлэн үе үеэрээ бичиг үсгийн чадварын хувьд ялгаатай байгаа бол мөнхүү шалтгаанууд нь ч бас ялгаатай байгаа байх аа. Тухайлбал, 80-аад онд боловсрол эзэмшсэн хүмүүсийн хувьд уншдаг ном нь харьцангуй цөөн, үздэг хичээл нь ойлгомжтой, авдаг мэдээлэл нь хаалттай байсан болохоор бүх зүйл цэгцтэй байжээ гэж хэлж болно. 90-ээд он бол үндэсний үзэл хүчтэй сэргэж бараг л буцаад монгол бичиг рүүгээ шилжих шахсан цаг үе. Нэгдүгээр ангийн хүүхдүүд монгол бичгээрээ анх бичиг үсэгтэн болж аажимдаа энэ бодлого больсноос нэг хэсэг хүүхдүүд шилжилтийн үеийн “золиос” болсон тал бий. Бүр хөгжилтэй ч гэх үү, эмгэнэлтэй ч гэх үү нэгэн түүх сонсож байлаа. Хөдөө бага ангиасаа сургуулиа орхиод мал дээр гарсан хүү анх заасан монгол бичгээрээ бол уншаад кирилл үсгээр харин уншиж чаддаггүй болчихсон гээд. Хүүг нэгдүгээр ангид ороход нь монгол бичгээр зааж эхлээд сургуулиас гарсны дараа нь нэгдүгээр ангиас нь монгол бичиг заахаа больсноос өөрт нь цаашид хэрэг болохгүй монгол бичиг сураад яг хэрэглэдэг кириллээ мэддэггүй ийм нэг орчин цагийн бичиг үсэгггүй хүн бий болжээ гэж. Харин 2000-аад оныхны хувьд бол интернэт, гар утас, англи хэл, латин үсгийн хэрэглээний нөлөөгөөр бичиг үсгийн чадвар нь нэлээд доройтсон тал ажиглагддаг.

-Үүний зэрэгцээ, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мөн адил өөр өөрсдийн зөв бичих дүрмийн зарчим бий. Үүнийг та хэрхэн харж байна бэ?

-Өөр өөрсдийн зөв бичгийн дүрэм гэж байхгүй шүү дээ. Буруу бичсэнээ л өөрийн зөв бичих дүрэм гээд байгаа бололтой. Өөрийнх нь бичсэн шиг л байхгүй бол дүрэм өөрчилсөн, ингэж бичдэг байгаагүй гээд байх юм. Тэгэхээр цаашид Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс зохион байгуулж нэгэнт хэвлүүлсэн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг л өдөр тутмын бичгийн харилцаандаа хэрэглэж дадаасай гэж хэлэх байна. Энэ толь хэвлэмэл байдлаар өөрт байхгүй байсан ч гар утсандаа үнэгүй татаж суулгаад хэрэглэх боломжтой толь юм. Ялангуяа сэтгүүлчид маань олон нийтийн эх хэлний боловсролд нэлээд нөлөөтэй, үлгэр дуурайлтай байдгийн хувьд хариуцлагатай байгаасай гэж бодож байна.

-ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл зэрэг байгууллагууд энэ чиглэлд хэр анхаарч ажиллаж байна вэ?

-Түрүүн хэлсэнчлэн манай хэл бичгийн салбарын эрдэмтэд хамтран оролцож хийсэн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг олон нийтийн дундах зөв бичих дүрмийн талаарх элдэв төөрөгдөл, буруу ойлголтыг залруулсан сүүлийн үеийн том бүтээлд тооцож болно. Мөн манай Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд зөв бичих дүрмийн тольд хамтран ажиллахын хамтаар “Монгол хэлний их тайлбар толь” (www.mongoltoli.mn)-ийг цахим орчинд хөгжүүлээд явж байна. Мөн адил гар утсаараа хаанаас ч үзэх боломжтой.

-Өнөөдөр монгол хэлний зөв бичих дүрмийн толь, электрон хувилбар зэрэг нь маш олноор хэвлэгдэн гарч байна. Энэ чиглэлд улсын төсвөөс хэчнээн төгрөг зарцуулдаг талаар танд мэдээлэл бий юу?

-Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ажлын алба гэж байдаг, тэднээс үүнийг асуух нь зүйтэй байх, би энэ талаар сайн мэдэхгүй юм байна.

-Маш олон толь бичиг хэвлэгдэн гарсан шүү дээ. Яг алийг нь бид өнөөдөр харж, зөв бичгийн дүрэмдээ баримтлах бэ?

-Маш олон толь бичиг гэж чухам юуг хэлж байна вэ? “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” болон гар утасны хувилбар л албан ёсны гол баримжаа болгох толь бичиг шүү дээ. Магадгүй, энэ толийг баримталж хийсэн өөр толь бичгүүд байгаа бол бас хэрэглэж болох байх. Ташрамд хэлэхэд, манайхан хэлний тайлбар толь болон зөв бичих дүрмийн толь бичигт ялгаатай хандаасай гэж хэлэх байна. Зарим толь бичгийн зохиогчид үгийн тайлбартаа анхаараад үгийн бичлэгийн хувьд зөв бичих дүрмийн тольтойгоо зөрөхөөр зарим үгийг өөрөөр биччихсэн байдаг. Үүнийг нь олон нийт хараад зөв бичих дүрэм өөрчлөгдсөн байна гээд төөрөлдөөд байгаа тал ажиглагддаг. Тийм учраас зөв бичих дүрмийн толийг л зөв бичихдээ ашиглах ёстой юм аа.

-2025 онд монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх гэж байна. Ингээд ирэхлээр монгол хэл, бичгийн зөв бичих дүрэм улам алдагдахгүй юу?

-Ер нь бол монголчууд бидэнд байгаа бахархах сайхан зүйлсийн нэг бол яах аргагүй монгол бичиг юм. Тэгэхээр өөрт байгаа энэ сайхан зүйлээ бүгдээрээ хэт үгүйсгээд, төвөгшөөгөөд, ад үзээд байх нь буруу гэж боддог. Хөгжүүлээд л, өвлүүлээд л, бахархаад л, сурцгаагаад л явах ёстой гэж боддог доо. Монгол бичгийн хэрэглээ нэмэгдлээ гэхэд зөв бичих дүрэм алдагдахад хүрнэ гэж бодохгүй байна.

-Нөгөө талаараа нэг хэсэг латин бичигт шилжих тухай яригдаж, туршилт хийж байсан удаатай. Дэлхий  нийтээрээ даяарчлагдаж буйтай холбоотойгоор латин үсэг рүү шилжчих тухай хүмүүс ярих боллоо. Энэ боломжтой юу? Эсвэл

-Ер нь бол монголчууд бид одоо ч гэсэн хос биш бүр гурван бичиг үсэг хэрэглэдэг л гэж боддог. Дунд сургуулийн түвшинд бүгд монгол бичгээ заалгаж байна, албан хэрэгцээнд кирилл бичгээрээ харилцаж байна, хувийн харилцааны орчиндоо латинаараа бичилцсээр л байна. Бичиг үсгээ солих нь хэл бичгийн шалтгаанаас гадна улс төрийн шалтгаан нь их том хүчин зүйл болдог гэдэг. Ойрын үед л лав бичиг үсгээ солих хэмжээний том шалтгааныг миний хувьд олж харахгүй байна.

-Монгол хэлний зөв бичих дүрмийн маргаан хэнд ашигтай байдаг юм бэ?

-Хэнд ашигтай байх вэ дээ, ашигтай байдаг гэж үзвэл хэрүүл хийх, шүүмжлэх дуртай хүмүүст л ашигтай байх даа. Эсвэл, зөв бичих дүрэм өөрчлөгдөөгүй гэдгийг тайлбарлаад, хэлээд байгаа хэлнийхээ эрдэмтдэдээ итгэдэггүй нь далимдуулж хэн нэгнийг гутаахад хэрэгтэй байдаг юм болов уу, сайн мэдэхгүй юм. Ер нь ингээд зөв бичих дүрэм өөрчилсөн, өөрчлөөгүй гээд хэдэн үгний тухай нийгмээрээ туж маргаад сууж байдаг манайх шиг улс хэр олон байдаг бол? Өөрсдийнхөө буруу бичиж сурснаа, алдаатай зүйл уншиж нүдэндээ дассанаа, эсвэл буруу заалгаснаа зөв гэж цаашид маргалдах шаардлагагүй л гэж боддог. Зөв бичих дүрэм нь хэвээрээ, угтаа хэдхэн үгний л буруу бичсэн асуудал юм шүү дээ. Нөгөө талаар хэл өөрөө байнга хөгжиж хувьсаж байдаг амьд зүйл учир монгол хэлэнд гадаад үг үргэлж орж ирнэ, үүнийг монголоор хэрхэн зөв бичих вэ гэдэг асуудал нь мөн мөнхөд байх учраас үгийг хэрхэн зөв бичих гэдэг асуудал өөрөө зогсолтгүй л үргэлжлэх үйл явц гэж ойлгож болох юм даа.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN