Бие даагчдыг дэмжихийн учир

Бие даагчдыг бид л дэмжих учиртай



                                                       -Бие даагчдыг бид л дэмжих учиртай-


Хүүхэд байхад л юмны үнэ нэмэгдэнгүүт л “ цаанаасаа, дээрээсээ” гэсэн үгтэй  байв. Миний мэдэхийн энэ үгтэй “танилцаад” 40 гаруй жил өнгөрчээ. Амьдрах хугацаандаа ийм үгтэй байнга л тааралдаж, чихэнд дасал болжээ.  Өмнө энэ үгийн учрыг ч олъё гэж бодож үзээгүй юм байна, үнэндээ. Харин саяхан “ Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн Т.Ганболдтой таарч хэдэн хүн үг солив. Хашир их өөр зүйл ярьж байна. Бид хоёр нэг үеийнх, манай хотын хүүхэд л дээ. Хэдэн жилийн өмнө  “Алтан Дорнод Монгол” компанийг( их өртэй байх үед нь) худалдаж авч  хэвлэлийнхнийг хэсэгтээ шуугиулж байв. Хувь хүн талаасаа хэвлэлийнхэнд тэр бүр нээлттэй байгаагүй. Гэхдээ тулаад уулзвал бас эрийн хуйх аа.  Харамч хахир биш, таарсан хүндээ ихэрхээд байхгүй, яг л байгаагаараа. Ядарсан хүнтэй таарвал  халаасан дахиа хамаад өгчихдөг л нэгэн. Харин яг томчуудын дунд ороод ирэхээрээ “их пээдгэр бацаан”. Тэдэнд бас мөчөөгөө өгөхгүй, үг сөрөлдөж  байгаа харагддаг л юм.  Ер нь манай хотын хүүхдүүдийн нүдний хор нь хэдийнэ гарчихсан байдаг. Миний мэдэхийн  Урт цагааны гудамжинд гурван төгрөгийн сэтгүүлийн зургийг ламинтордаад 50 төгрөгөөр ангийнхандаа зардаг байсныг санаж байна. Тэр үеэс бизнесийнх нь гараа эхэлсэн болов уу даа. Бизнес тал руугаа алдаж, оносон босч суусан нь адилхан гэдэг. Харин өнөөдөр тэрбээр өөрийн гэсэн үзэл бодлоо өвөртлөөд улс төрд хүч үзэхээр шийджээ. Гэхдээ ганцаараа биш. Олон сэхээтнүүдийг дагуулан орж ирж байна. Бидний нөгөө яриад байдаг дассан “дээрээсээ, цаанаасаа” гэх үл үзэгдэгчийг илрүүлэх замд гарлаа гэж харж байна. Бид өнөөдөр хэдий болтол эзэн биегүй үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч, хариуцлагын тогтолцоог гишгэлэх билээ. Сүүлийн 30 жилийн турш хоёр намын тогтолцоонд ирээдүй хойч үеэ даатгав. Юу хожив. Хэсэг бүлэг эздийг тэжээж, тэднийг толгой дээрээ залснаар иргэний эрх ашиг гэж байхгүй, эздийн эрхшээлд амьдрав. Тэгвэл өнөөдөр үүнийг сэхээтнүүд өөрчилнө. Тэд хувийн амбицаа орхиж, эх орныхоо хойч ирээдүй төлөө санаа зовох цаг болсон байна. Тэд  үргэлж хөшигний ард үлдэж болохгүй. Тиймээс тэд өнөөдөр нэгдэж чадлаа. Нэгдлийн эхлэлийг Тордайн Ганболдыг тавилаа гэж харж байна. Түүний багт шилдэг сэхээтнүүд багтжээ. Тухайлбал, бие даагчдын багт олон салбарын доктор, профессорууд болох 11 хүн байна. Үүнээс хамгийн их өрсөлдөөнтэй тойрог болох  Дархан- Уул аймагт Т.Ганболд өөрөө өрсөлдөх ажээ. Бие даагчдын багт хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжав, МУИС-ийн багш эдийн засгийн ухааны доктор, Ө.Гэрэлт-Од, эдийн засагч Т.Хасбаатар, эрх зүйч Т.Бат-Оргил, Нийслэлийн газрын албаны дарга асан Э.Болорчулуун нар орж байна. Ийнхүү бие даагчдын нэгдсэн платформ байгуулснаар нэгдсэн мөрийн хөтөлбөртэй, нэгдмэл зохион байгуулалтад орж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ багт өөрийн гэсэн ёс зүйтэй, боловсролтой, салбартаа нэр хүндтэй, улс төрийн соёлд суралцсан, иргэний эрх ашгийг дээдэлсэн ийм л сэхээтнүүд бие даагчдын нэрсийг өнгөлж буй.