Ц.Минжин: Сохор байна гэдэг хэцүү ч хараатай байж харалган байх нь эмгэнэл

Төрсөн  газар:  Улаанбаатар  хот  Чингэлтэй дүүрэг

Боловсрол:  Дээд, хуульч эрх зүйч

Ажилласан байдал:  ШУА-ын Түүхийн  хүрээлэн, ХСИС Ахисан шатны сургууль, Хууль сахиулахын удирдлагын  академи, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны  хүрээлэн

Хэлэх дуртай үг:  Монгол хүн за гэвэл  ёогүй.  Хүнд  чадах зүйлээ амла, Амласан зүйлээ  заавал биелүүл


УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж буй эрх зүйч, түүхч Ц.Минжинтэй ярилцлаа.

-Таны “Их засаг” хуулийн судалгааны бүтээл бүх салбарын 800 номоос шалгарч 2009 онд Шинжлэх ухааны шилдэг бүтээл, 2012 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтний шагналыг  хүртэж байсныг олон нийт мэднэ. Таныг түүхэн судалгаа хийх нарийн ухаанд хэн сургасан юм бэ?

-Намайг  номонд  дуртай болоход аав минь их нөлөөлсөн, бага  байхын л дэргэдээ суулгаж  ном  уншуулахдаа "Эрдэмтэн хүн  толгой  сайтай байхаас гадна  суудал  сайтай  байх хэрэгтэй " гэж  сууж  сургасан даа. Харин  түүхийн шинжлэх  ухаанд  шимтэхэд академич Ж.Болдбаатар багш  минь сургасан.  Олон жил багшийнхаа нөр хичээнгүй хөдөлмөр,  ажил, амьдралын  туршлагыг нь харж, бахдаж,  суралцаж  явна даа.

-Та 2013 онд түүхийн ухааны докторын зэргээ хамгаалсан. “Их засаг” хуулийн судалгаанаас гадна, түүхээ судлаад үзэхээр Монголын төрийн алдаа оноог баримттай нь  харж байгаа байх. Хагарал бутрал, сэргэн мандалт гээд олон жилийн түүхийн нугачаанаас хамгийн гол алдааг нэрлээч гэвэл та юу хэлэх бол?



-Түүхч хүн гэдэг  мэргэжлийнхээ  үүднээс  цаг хугацааны уртад,  орон зайн том  талбар дээр асуудлыг харж, задлан  шинжилж  дүгнэлт хийж байдаг.  Иймээс  түүхийг зуун  зуун  жилээр түүхэн баримт дээр  ажилладаг. Монголчуудын алдаа бол хагарал бутрал, зөвхөн эв эеэ дотроо  алдсан  цагт  л тийм  юм болдог. Өөрөөр  хэлбэл  төв рүү  тэмүүлэх  хүчээс  илүү  төвөөс зугтах  хүч  түлхүү үйлчлэхэд.  Монголчууд  түүхэндээ  хагарч бутарч байдаг, иймээс л бид  эв эеэ хичээж, төрт  ёсоо дээдлэж, Монгол улсын  тусгаар тогтнол, язгуур эрх  ашгийг дээдлэж хүн бүх  хичээнгүйлэн зүтгэх хэрэгтэй.

-Энэ цаг үед шударга ёс гэдгийг мартах шахаж. Монголын төр шударга ёс зүйтэй байх нь хэнд хэрэгтэй юм бэ. Хэсэг тойрон хүрээлэгчдэд ашгаа өгдөг энэ тогтолцоог өөрчлөх боломж бий юу. Та хэрхэн харж байна?

-Монголын  төрт  ёс өөрөө  гайхамшиг юм. Жишээ нь  "Ёс мэддэг  хүн  ёс  зөрчвөөс  ялыг  хоёр дахин хэлэлцмүй" гэсэн үг байдаг. Шударга  ёс,  хууль дүрэм тогтоодог  хүмүүс  ялыг давхар хэлэлцдэг  ёс  байснаас харж  болно.  Одоо  харин эсрэгээрээ  байгааг  хүн  болгон  мэдэж  байна. Шударга  ёс гэдэг  Монгол  хүний  яс  маханд  шингэсэн  үнэт зүйл юм.

-Монголын хууль гурван өдөр гэж амнаас ам дамжин ярих болж. Угтаа энэ нь Их хааны үед гарсан хууль морин өртөөгөөр гурван хоногийн дотор нийт ард иргэдэд хүрдэг байсан гэж уншсан юм байна. Одоо цагт олон нийт ингэж даапаалан ярьж буй нь эрх баригчдын үйл хэрэгтэй шууд холбоотой гэж олон хүн хардаг. Таны бодлыг сонсоё ?



-Түүхэн  олон  сайхан  үйл явдлыг  илтгэдэг хэлц  үгийн  утга  агуулга  гажиж  хэрэглэгдэх  болсон энэ  бол түүний  нэг  жишээ юм.

-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

-Төрийн эрхийн  барьж байгаа намуудад итгэл алдсаны  нэг  том  илрэл юм даа. Монголын  төр бол хувьцаат  компани  биш юм. УИХ-ын  гишүүн  гэдэг  хувьцааг худалдан  авснаар  ашиг хүртдэг гэдэг  ойлголт  яагаад ч байж болшгүй хэрэг.Тиймээс л бие даагч нар сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа. Олны  танил олон  хүмүүс хэн нэгийг амлан  авч тодорхой  тойрогт дэвшиж байгаа  үзэгдэл  олныг төөрөгдүүлж байна.

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

-Монгол  улсын  тусгаар тогтнол,  язгуур эрх ашиг,  төрт ёс  уландаа гишгэгдэж, Монгол улсын  аюулгүй  байдал сэмэрч байгааг  харсаар  байж зүгээр  сууж  чадаагүй  тул  эх орныхоо  төлөө  эрслэн  босохоор  зориг  шулуудсан болно. Сохор байна  гэдэг хэцүү, гэвч хараатай байж  харахгүй байна гэдэг эмгэнэл. Иймд төр  засгийн болохгүй байгаа  асуудлыг харсаар байж  хараагүй  мэт  өөрийн хувийн эрх  ашгаа өмнөө  тавьж сууж  чадаагүй  минь  энэ  сонголтыг хийх  хамгийн  том  шалтгаан юм.

-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.