Шинэчлэлийн салхи буюу бие даагчдын “арми”

Дэлхий нийтийн чиг хандлага, өнөөгийн нийгмийн үзэл суртахуун гээд олон зүйлээс харж байхад цоо шинийг эрэлхийлэх болжээ. Тодотговол, нийгэм, улс төрийн шинэ бүтцийг хүсэх болсон нь юу юунаас тод харагдана. Тэр тусмаа сүүлийн гучаад жил Төрийн эрхийг ээлжлэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтран барьж ирсэн улс төрийн хоёр намаас иргэд олон нийт илтэд залхжээ.

Иргэд сонгогчид өнөөгийн парламентад суудалтай намууд ч биш, өөр бусад намууд ч биш, олон сонгогдсон УИХ-ын гишүүн ч биш ерөөсөө цоо шинийг хүсэж эрэлхийлэх болоод уджээ. Тэгэхээр манай улсын нөхцөлд энэ асуудлыг сонгуулийн тогтолцоогоор илаарьшуулах ёстой ч тодорхой гарц шийдэлд хүрч чадахгүй олон оныг үдлээ.

Ямартай ч энэ удаад Монгол Улсын сонгуулийн түүхэнд хамгийн олон буюу 208 бие даагч нэрээ дэвшүүлсэн нь санаандгүй хэрэг биш бололтой. Эх сурвалжийн мэдээлэл, бие даагчдын зүгээс явуулж байгаа бодлогыг харахад нийгэмд нэгэн шинэ уур амьсгал бий болж байгаа нь илт. Олны ярьж, бичиж байгаагаас харвал бие даагчдын “арми”-ийн бодлогыг зангидан, тэргүүлж байгаа хүн нь “Алтан Дорнод” компанийн захирал Тордойн Ганболд гэх залуу аж. Ямартай ч 208 бие даагч дунд боловсрол мэдлэг, ажлын арга, туршлагаар нийгэмд тэргүүлсэн олон арван залуус байгаа нь иргэд сонгогчдын таашаалд нийцэх аж. Тэгэхээр их улс төрд нэгэн шинэ үе хүч түрэн орж ирж байгаагаас гадна цаг үеийн шаардлагаар шинэчлэл явагдаж байна гэсэн үг.

Мэдээжийн хэрэг 208 бие даагч дунд намдаа гологдсон, гомдсон, хөөгдсөн нөхөд цөөнгүй бий. Тухайлбал, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Н.Номтойбаяр, С.Баярцогт гээд олон хүнийг дурдаж болно. Цоо шинийг эрэлхийлж байгаа иргэд олон нийт юу л гэж 30 жил улс төр хийгээд нийгмийг дордуулсан ийм нөхдийг сонгох билээ. Зүй нь энэ мэт нөхдийг хойш тавих нь зөв.

Тэгэхээр нийгмийн захиалга болсон, бурууд бузарлагдаагүй, хийж бүтээх ид эрч хүчтэй насандаа яваа залуусын түүчээ бие даагчдын дунд олон бий. Тэд хэн нэгний цүнхийг бариагүй учраас МАН, АН ч юм уу, ядахад л ШИНЭ намыг  сонгосонгүй. Монгол Улсын хөгжил ямар түвшинд байгааг мэдэрсэн, дэлхийн чиг хандлага хаана явааг мэдсэн, ямар арга замаар хөгжүүлж, дэвшүүлж болох вэ гэдгээ мэдэх учраас нэгэн зорилго дор нэгдсэн нь илт.

Нөгөө талаар бие даагч залуусыг тэргүүлж байгаа Тордойн Ганболдод олон давуу тал ажиглагдана. Бага залуугаасаа бизнест хүч үзэж чамгүй амжилт үзүүлснээс гадна тэнд буй зовлон жаргалыг бие сэтгэлээрээ туулсан залуу. Улстөрч авлигачдад дарамтлуулж, нийгмийн буруу тогтолцоонд сөхөрч үзсэн туршлагатай нөхөр юм. Иймээс аливаа нийгмийг чирэх гол хөдөлгүүр нь бизнесийн салбарынхан гэдгийг сайтар мэдсэн байж таарна. Дэлхийн том гүрнүүдийг бизнесийн салбарынхан авч явж байгааг бид мэднэ.

Энэ ч утгаараа Тордойн Ганболдын эгнээнд бас л том жижиг зовлон үзсэн залуус цөөнгүй бий. Ялангуяа салбар салбарт ажилласан эдийн засагчид цөөнгүй харагдаж байгаа нь нийгэмд тусаж байгаа нэгэн гэрэл гэгээ юм. Үүнээс гадна боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд гээд салбар салбартаа тэргүүлэн ажиллаж, аанай л улстөрчдийн дарамт, нийгмийн буруу тогтолцоонд хавчуулсан залуус ч харагдана лээ.

Ийм л бартаат замаар явж ирсэн залуус л нийгэмд шинэ салхи оруулна. Түүнээс У.Хүрэлсүх даргатай МАН ч оруулахгүй, С.Эрдэнэ даргатай АН ч оруулахгүй, Ж.Батзандан даргатай ШИНЭН ч оруулахгүй. Тэднийг ард түмэн 30 жил хүлээлээ шүү дээ. Учир иймээс нийгмийн шинэчлэлийн төлөө, авлига хээл хахуулын эсрэг зогсож чадах эдгээр залууст иргэд олон нийт дэмжлэг үзүүлнэ.

Нийт долоон удаа сонгууль өгөхөд түүхэндээ хамгийн олон буюу гурван бие даагч гаргаж ирж байв. Тэд цөөдөөгүй, тэдний дуу хоолой хүчтэй л байсан. “Бие даагчдын зөвлөл” байгуулчихаад хоёр намын хууль бус зүйлийг гаргаж чадаж байсан. Тэд өөрсдөө намын бохир тоглоомд оролцсон гэхэд чамгүй амжилттай явж ирсэн түүхтэйг санах хэрэгтэй. Нэгэн цагт нам дагаж явсан гуравхан нөхөр чадаж байхад боловсрол мэдлэг, ажлын арга туршлага дутахгүй Тордойн Ганболд тэргүүтэй залуус парламентад ядахад бүлгийн хэмжээнд ороод ирвэл энэ нийгмийн өргөсийг түүх нь гарцаагүй.