ОХУ-д суралцаж буй 347 сонсогч эх орондоо ирлээ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай өнгөрсөн долоо хоногт цахим уулзалт хийх үеэрээ тус улсын БХЯ-ны харьяа их дээд сургуулиудад суралцаж буй монгол сонсогчдыг Оросын цэргийн тусгай онгоцоор эх оронд нь авчрах хүсэлт тавьсан билээ.

Энэ дагуу өнөөдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирж байна. Эхний онгоц 13:25 цагт Улаанбаатар хотноо газардлаа. Дараагийн онгоцууд 15:10, 15:15 цагт “Чингис хаан”  олон улсын нисэх буудалд буух юм.

Оюутнуудыг ирсэн даруйд нь өнөө шөнөдөө шинжилгээнд оруулахаар бэлтгэл хангасан, маргаашнаас шинжилгээний хариуг мэдээлнэ. Оюутнууд халдварын голомтоос, зарим нь халдвартай хүнтэй хавьталд орсон учир эрсдэл өндөртэй. Тиймээс яаралтай шинжилгээ хийж, ангилан ялгаж тусгаарлана. Оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн эмнэлэг, Бага баян, Тоёоко Ин зочид буудлыг бэлдээд байна.

ОХУ-д халдварын тархалт өндөр байгаа. Тэнд хавьтал болсон, өвдөөд эдгэрсэн, халдварын шинж тэмдэгтэй хүүхдүүд ирж байгаа гэсэн судалгаа бидэнд байна. Эрсдэлтэй хүүхдүүдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана.