Автобус, суудлын машинтай мөргөлдсөн ноцтой осол гарлаа

Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Цагаан хаалга гэдэг газар өчигдөр /2020.05.13/ зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, дээрх ослын талаарх дуудлага т 15.45 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Алба хаагчид 16.15 цагт очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой зорчиж явсан “Дэлгэр буян-Ар” ХХК-ийн Юниверс загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун рашаан”-ы чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан Пит загварын суудлын автомашинтай мөргөлджээ.

Ослын улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн 54 настай эмэгтэй О, 39 настай эмэгтэй О нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мөн энэ өдөр дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт загасчилж яваад живсэн 56 настай эрэгтэйн цогцсыг  осолдсон газраас зүүн зүгт 4 км-ээс олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.