Гавьяат хуульч Б.Чимидийн хүү Ч.Батцогт АН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшинэ

Улс төрийн намууд Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчдээ тавдугаар сарын 16-ны 23.59  цагт багтаан зарлалаа. Нэр дэвшигчдийн дунд шинэ, залуу ямар улстөрчид багтсан нь сонгогчдод илүү сонирхолтой байдаг.

АН-ын хувьд энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн 71.4 хувь нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй, УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байгаагүй хүнийг нэр дэвшүүлжээ. Тэдгээр нэр дэвшигчийн дунд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч Б.Чимидийн хүү, эдийн засагч Батцогт уугуул нутаг Хөвсгөл аймгаас нэр дэвшихээр мандатаа авсан байна.

“Чимид сан”-гийн тэргүүн тэрбээр эдийн засагч мэргэжилтэй,  ОХУ-ийн Новосибирск хотын Барилга инженерийн дээд сургууль, Монгол Улсын ТИС, КТМС болон АНУ-ын Нью-Хавений Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр цолтой төгсжээ.

Сургуулиа төгссөнөөс хойш хувийн салбар тэр дундаа даатгалтын салбарт ажилласан тэрбээр одоо “Соёмбо даатгал” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Ардчилсан намаас Хөвсгөл аймгийн 17 дугаар тойрогт түүнээс гадна Б.Баярмаа, Д.Ганболд нар нэр дэвшжээ.

Харин эрх баригч МАН-аас өдгөө УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар нэр дэвших эрхээ авсан байна.