П.Галиндэв: С.Эрдэнийг улс төр, АН-аас зайлуулна гэдэг Монголын улстөрийн их цэвэрлэгээний эхлэл

Баянгол дүүргээс бие даан нэр дэвшиж байгаа П.Галиндэвтэй ярилцлаа.

П.Галиндэв: С.Эрдэнэ бол Ц.Элбэгдоржийн барьцааны хүн


-Та Баянгол дүүргээс бие даан нэр дэвшиж байгаа. Сурталчилгаагаа хийгээд явж байхад таньд юу хамгийн ихээр ажиглагдаж байна вэ?
-Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш Баянгол дүүрэг III,VI хорооллын иргэд сонгогчидтойгоо уулзаад явж байна. Сэтгэл сэрдхийлгэм дүр зураг Баянгол дүүрэгт олон байна. II,IV хороолол цагтаа хамгийн сайхан тохижилттой, ногоон байгууламж ихтэй хүн амьдрахад сайхан газруудын нэг байсан. Тэр цаг үетэй өнөөдрийн дүр төрхийг харьцуулаад харахад муухай болсон байна. Үе үеийн дүүрэг ,хот удирдаж басан хүмүүсийн сэтгэл дутсан нь харагдаж байна. Ард иргэдийн ахуй амьдрал, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин, ногоон байгууламж хаягдсан байна. Би одоо зургадугаар бичил хороололд зогсож байна. Ингээд харахаар автомашины зогсоол байхгүй, машин ч зөрөх зай алга. Яагаад ийм болсон юм бэ? Ерөөсөө л өнгөрсөн хугацаанд хот, дүүрэг удирдаж байсан хүмүүсийн газрын наймаа, амин хувиа хичээж гаргасан шийдвэрүүдтэй холбоотой. Ногоон байгууламжуудыг устгаад тоглоомын талбайг нь нураагаад барилга барьчихсан. Өөрсдийнх нь хамаарал бүхий хүмүүс газруудыг хувьдаа аваад ашиглахыг нь ашиглаад зарахыг нь зарчихсан байна.

Өнгөрсөн хугацаанд “Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн”-ийг удирдаж явахдаа хотын газрын наймаатай холбоотой олон асуудлыг ил болгож байсан. Та бүхэн санаж байгаа байх. 2009 онд хүүхдийн паркийн газрыг банкны эзэд дээрэмдэж авч байх үед энэ асуудлыг хөндөж тавьж байлаа. Монгол Улсад хоёр том мафи байдаг. Нэг нь лицензийн наймаагаар Монголын бүх баялгийг зарсан хэсэг бүлэг байдаг бол хоёр дахь нь нийслэл хотын газрыг зарж баяжсан хэсэг нөхөд бий.

Манай намын дарга С.Эрдэнэ 1996 оноос хойш Баянгол дүүргийг 24 жил удирдаж, гартаа атгасан хүн. Энэ хүн Баянгол дүүрэгт байж болох бүх ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайг зарж өөрөө хагартлаа баяжсан. Хандгайтын ам, Найрамдал зуслан, хүүхдийн паркийн газрыг тэр чигээр нь авсан. Үүний үр дүнд нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах бүхий л боломж хаягдаж, алдагдсан байна.

-“Ардчилсан намын шинэчлэл” хөдөлгөөнөөс танаас өөр бие дааж нэр дэвшиж байгаа хэчнээн хүн байгаа вэ?

-Би ганцаараа нэр дэвшиж байгаа. АН-ыг шинэчлэхийн тулд  С.Эрдэнэ мэтийн хүмүүсээс эхлээд салах ёстой. Ингэхийн тулд П.Галиндэв миний бие С.Эрдэнэтэй өрсөлдөж байгаа юм. С.Эрдэнийг улс төр, АН-аас зайлуулна гэдэг Монголын улс төрийн их цэвэрлэгээний эхлэл. АН зөв бодлоготой болох, зөв гольдиролдоо орох гэх мэт  олон зүйлийн эхлэл гэж үзсэн учраас би Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж байна.

Миний ард АН-ын “Шинэчлэлийн хөдөлгөөн” төдийгүй, намын 30 мянган гишүүд дэмжихээ илэрхийлсэн. Намын гишүүд дэмжигчид ч С.Эрдэнийг Монголын төрөөс холдуулах цаг нь болсон гэдэгт санал нэгдэж байна.

-Танай хөдөлгөөнөөс 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгийг эсэргүүцэж багагүй акц өрнүүлсэн. Намын удирдлагууд 100 сая төгрөгийг буцааж олгохгүй гэдгээ ч хэлсэн. Ер нь өмнөх сонгуулиар мөнгөний асуудал яригддаг байсан уу?

-Өмнө нь аль ч сонгуулийн үед 100 сая төгрөг шиг мөнгөний асуудал яригдаж байсан түүх АН-д байхгүй. С.Эрдэнийн ард ХХБ, Ц.Элбэгдорж, Хурц нарын хүмүүс байгаа шүү дээ. Монголын төрийг мөнгөөр худалдаж авч болно гээд бодчихсон, мөнгөтэй л бол хэнийг ч байсан хамаагүй ялуулна гээд бодчихсон хүмүүс. Гэхдээ тэд хий хоосон ингэж бодоод байгаа юм биш. Ард нь сонгуулийн маш том хуйвалдаан өрнөж байгаа. Ганц АН ч биш бусад нам, эвслүүдэд ч бүлэглэлүүдийн хүмүүс нэр дэвшсэн байна.

Өөрийнхөө гурван хүнийг гурван өөр намаас нэр дэвшүүлсэн тойрог ч байна. Аль нь ч ялсан бүлэглэлийн эрх ашгийг хамгаална. 100 саяыг эсэргүүцсэн олон шударга залуус нэр дэвшиж чадаагүй. Миний хувьд нэр дэвшиж чадаагүйгээрээ үлдэхийг хүсээгүй.

Хуулийн хүрээнд тэмцээд болохгүй байгаа учраас ардчилсан сонгуульд өрсөлдөж ард түмний дэмжлэгийг авахыг хүссэн. Хэдэн 100 саяар нь төрийн бодлогыг худалдаж авах С.Эрдэнийн зөв юм уу эсвэл миний ярьж байгаа зүйлс зөв юм уу гэдгийг л ард түмнээрээ шийдүүлмээр байна. Энэ сонгуулиар бүлэглэл, олигархи биш ард түмэн ялах болно.

Сонгуулийн наана,цаана мөнгө төгрөгийн асуудалд холбогдсон хүмүүсийг хууль хяналтын байгууллага нь шалгана гэдэгт би итгэж байгаа. Шалгуулахын ч төлөө явах болно.

-АН энэ удаагийн сонгуульд хэр амжилттай оролцоно гэж та бодож байгаа вэ?

-Би АН-даа хайртай. АН ардчиллын үнэт зүйлийг тээж явдаг нам. АН-ын 100 гаруй мянган гишүүд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, эдийн засгийг дэмждэг хүмүүс байдаг. Гэтэл манай намын толгойд байгаа 10 хүмүүс энэ бүхний эсрэг явж байгаа. Өөрсдөө баяжсан, олигархууд. Энэ 10 хүн цаашид АН-ыг төлөөлөх эрхгүй. Би намын журмын нөхөд, гишүүд дэмжигчтэйгээ нийлээд ардчиллын үнэт зүйлийг сэргээхийн төлөө явмаар байна.